Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын сонгуулийг Афганистаны сонгуулиас “долоон дор” гэж мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 3-нд болж өнгөрсөн тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, тэмцсээр байна.

Тэрбээр сонгууль луйвар, будлиантай болсон талаар олон удаа шүүхэд гомдол гаргасан ч бүгд няцаагдсан юм. Трампын өрсөлдөгч Жо Байден сонгуульд ялсан нь нэгэнт тодорхой болж, нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх гэж байгаа.

Гэвч Трампын гомдол барагдахгүй байна.

Бямба гарагт тэр өөрийн твиттер хуудсанд ээлжит мэдэгдлээ хийж, АНУ-ын сонгуулийн системийг дэлхийн ядуу буурай орнуудынхаас ч найдваргүй, баталгаагүй гэж муулжээ.

“Афганистанд алба хааж буй цэрэг залуу надад Афганистаны сонгууль АНУ-ын 2020 оны сонгуулиас илүү найдвартай, шударга болдог тухай ярьсан. Шуудангаар авсан сая сая луйврын саналтай манай сонгууль гуравдагч ертөнцийн орны сонгууль шиг байсан. Хуурамч Ерөнхийлөгч!” гэж тэр бухимдлаа илэрхийлсэн байна.

Трамп бас сонгуулийн луйврыг илчлэх тал дээр огт ажиллаагүй хууль зүйн яам, Холбооны Мөрдөх Товчоог хүчтэй шүүмжилж, Америкийн түүх үүнийг нь мартахгүй гэж сүрдүүлсэн юм.

Тэрбээр Жо Байдены сонгуулийн ялалтыг конгресс албан ёсоор баталгаажуулах нэгдүгээр сарын 6-ны өдөр дэмжигчиддээ хандан мэдэгдэл хийх төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today