Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

2028 онд Хятад улс эдийн засгийн хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Лондон хотод төвтэй CEBR (Centre for Economics and Business Research) стратегийн судалгааны байгууллага өнөөдөр гаргасан жил тутмын тайландаа Хятад улс 2028 онд эдийн засгийн хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлэх тооцоог гаргажээ.

Өмнө тооцоолж байсан хугацаанаас таван жилийн эрт гүйцэх болсон нь коронавирусийн цар тахлын нөлөөтэй холбоотой гэнэ.

“Дэлхийн эдийн засагт тэргүүлэхийн төлөө өрсөлдөөн АНУ, Хятадын хооронд олон жил үргэлжилж байгаа. Харин Covid-19 тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн уналт Хятад улсын талд сайнаар нөлөөлөхөөр байна” гэж уг тайланд өгүүлжээ.

Хятад улс цар тахлыг богино хугацаанд амжилттай давж, эдийн засаг нь сэргэх шатандаа орсон бол Өрнөдийн орнуудын эдийн засгийн сэргэлт урт хугацаанд сунжрах төлөвтэй байгааг CEBR дүгнэсэн байна.

Тухайлбал 2021-2025 онуудад Хятадын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 5.7 хувьтай байх гэнэ. 2026-2030 онуудад бага зэрэг удааширч дунджаар жилд 4.5 хувийн өсөлттэй байх тооцоо гарчээ.

АНУ-ын эдийн засагт 2021 онд тахлын дараах сэргэлт эхлэх ч 2022-2024 онуудад жилд дунджаар 1.9 хувийн өсөлттэй байх юм байна. 

Улмаар 2024 оноос цааш жилийн 1.6 хувийн өсөлттэй байх тооцоо гарчээ.

Япон улсын хувьд 2030-аад оны эхэн үе хүртэл дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын байр сууриа хадгалах ч Энэтхэг улсад гүйцэгдэж, дөрөвдүгээр байр руу шилжих юм байна. Үүний улмаас Герман улс дөрвөөс тавдугаар байрт шилжих ажээ.

Одоогоор дэлхийд тавд бичигддэг эдийн засагтай Их Британи улс 2024 онд зургаадугаар байрт шилжих тооцоо гарсан байна.

Хэдийгээр Европын Холбооноос гарч, тусдаа хөгжих ч дижитал эдийн засгийн өсөлт нь тус улсын чадавхийг хэвээр хадгалж, 2035 он гэхэд Франц улсаас 23 хувиар том эдийн засагтай байх тооцоо гарчээ.

 

Эх сурвалж: Reuters