Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид тархсан коронавирусийн шинэ хувилбарын таван тохиолдол Японд илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Их Британид тархаад байгаа коронавирусийн шинэ хувилбарын таван тохиолдлыг илрүүлснээ Японы эрх баригчид өчигдөр зарлажээ.

Тэдгээр тохиолдлууд нь Их Британиас Японд ирсэн таван зорчигчоос илэрсэн байна. Тохиолдлуудыг тусгаарлаад хавьтлын хүрээг нь тодорхойлох ажил эхэлжээ. Шинэ хувилбар нь халдварлах чадвар өндөртэй гэгдэж байгаа.

Япон улс нь Их Британиас ирэх зорчигчдод хилийн хориг тавьсан бөгөөд зөвхөн өөрийн иргэдийг хүлээж авч байгаа юм.

АНУ, Европтой харьцуулахад Япон улс коронавирусийн цар тахалд харьцангуй бага нэрвэгдээд байгаа. Гэхдээ сүүлийн үед халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж, энэ сард анх удаа өдөрт 3,000-аас дээш тохиолдол бүртгэгддэг болжээ.

Их Британид тархаад буй коронавирусийн шинэ хувилбараас хамгаалахын тулд дэлхийн олон орон агаарын хилээ хаагаад байна. Саудын Араб зэрэг зарим улс хэсэг хугацаанд хилээ бүрэн хаасан бол олон улс орон зөвхөн Их Британиас ирэх зорчигчдыг хүлээж авахаа зогсоосон юм.

Хамгийн сүүлд ОХУ тус улстай агаарын тээврийн харилцаагаа зогсоож, ирсэн зорчигчдыг нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.

Япон улс шинэ оны эхээр хүн амаа вакцинжуулж эхлэх төлөвлөгөөтэй байна. Тус улсын засгийн газар 126 сая хүнээ дархлаажуулахын тулд 290 сая тун вакциныг Pfizer, AstraZeneca, Moderna компаниудаас авахаар тохиролцжээ.

Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд энэ шинэ жилийн баярыг гэр гэртээ, цомхон тэмдэглэж өнгөрүүлэхийг ард иргэдэдээ уриалсан байна.

 

Эх сурвалж: The Guardian