Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ААН-ын орлогын албан татварөөс хөнгөлөх, чөлөөлөх, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх, НДШ төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар дээрх гурван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нэн яаралтай дэгээр хэлэлцэн дэмжсэн. 

Байнгын хороод уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Чуулганы нэгдсэн хуралдааныг байнгын хороодын дараа буюу 12:00 цагт эхлүүлэхээр товлосон байна. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгажээ. 

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөлд 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан гэж байна. 

Харин Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж, тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр заажээ.