Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хакерууд гоо сайхны мэс заслын зургаар барьцаалж мөнгө нэхжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нэр алдартай хүмүүст үйлчилдэг Их Британийн The Hospital Group гоо сайхны эмнэлгийн мэдээллийн санд халдаж, үйлчлүүлэгчдийнх нь гэрэл зурагнуудыг хулгайлсан хакерууд их хэмжээний мөнгө нэхжээ.

Хэрвээ нэхсэн мөнгийг нь төлөхгүй бол гэрэл зурагнуудыг нийтэд тараана гэж сүрдүүлсэн байна.

Алдагдсан зурагнууд нь үйлчлүүлэгчдийн мэс засал хийлгэхийн “Өмнөх ба Дараах” байдлыг харуулсан нууц мэдээлэлд тооцогдож байгаа аж.

REvil нэртэй хакерын бүлэг 900 Гигабайт орчим хэмжээтэй зурагнуудыг эмнэлгийн дотоод сүлжээнээс хулгайлснаа зарласан байна.

Их Британийн The Hospital Group нь нийт 11 эмнэлгээрээ дамжуулан мэс заслаар жин хасах, хөх томруулах, хөхний товчны хэлбэр засах, хамарны хэлбэр засах зэрэг чиглэлд ажилладаг юм байна.

Тус компани мэдээлэл алдсанаа хүлээн зөвшөөрч, энэ тухай засгийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд мэдэгджээ. 

Мөн өөрийн үйлчлүүлэгчидтэй холбоо барьж, болсон явдлын талаар дуулгасан гэнэ.

Ransomware гэгддэг кибер халдлага нь бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн үнэтэй мэдээллийг барьцаалж, мөнгө нэхэх гэмт хэргийн төрөл юм. Хакерууд ихэнхдээ тухайн байгууллага, хувь хүний компьютер дээрх чухал мэдээллийг түгжиж барьцаалаад мөнгө нэхдэг.

Харин дээрх тохиолдолд хулгайлсан зурагнуудыг нийтэд тараана хэмээн сүрдүүлсэн байна.

Аргагүй байдалд орсон хохирогчид шаардсан мөнгийг нь төлдөг ажээ. Emsisoft кибер аюулгүй байдлын компанийн тооцоолсноор хакерууд ийм аргаар 2020 онд нийт $25 тэрбумыг олсон гэнэ.

Дээрх халдлагыг үйлдсэн REvil нь алдартай ransomware бүлгүүдийн нэг юм. Тэдний томоохон хохирогчдын нэг нь мөнгө гуйвуулгын Travelex компани болж байжээ.

 

Эх сурвалж: BBC