Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Золзаяа: Агентууд ажиллангаа амьдардаггүй, амьдрангаа ажилладаг

A.Жаргал
2020 оны 12 сарын 25
iKon.MN

Улаан, цагаан, хөх өнгөтэй, RE/MAX гэсэн бичигтэй, агаарын бөмбөлөгтэй зурагт хуудастай Улаанбаатар хотод Зайсангийн үзэмж тансаг хороолол дунд, Баянхошууны буйдхан гудамжинд ч таардаг. Эл бөмбөлөгтэй логон дээр “Агент Д.Батаа” гэсэн танилцуулга, утасны дугаараа бичсэн харагддаг.

RE/MAX АНУ-ын Денвер хотоос эхлэлтэй, дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн франчайзингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Франчайз бизнес бол олон улсын бизнесийн стандарт, нау хауг тухайн компаниас нь албан ёсны эрхийн дагуу авч ашигладаг бизнес модуль. Харин RE/MAX-ийн хөдөлгөгч хүч агентууд хэрхэн ажилладгийг сонирхож Их дэлгүүрийн урдхан фонтаны хажууд байрлах “RE/MAX Diamond” гэх хаягтай хаалгыг татлаа. Энэ оффисын брокер эзэмшигч, Үндэсний Риалторуудын холбооны гишүүн GRI, ABR цолтой Э.Золзаяатай ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг онцлох болсон. Тухайлбал нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байгаа судалгаа гарчээ. Ремакст ч залуу эмэгтэй захирлууд олон юм билээ. Тэгвэл Ремакст захиралаар ажиллах боломж хэнд бий вэ? Эндээс яриагаа эхэлье?

-Эмэгтэй хүн ажил, амьдралын аль аль карьерыг зэрэгцүүлэх нь чухал юм шиг санагддаг. Бизнест унах үе байна. Тэр үед амьдралын карьер бат бэх байх нь чухал. Би хоёр хүүхэдтэй, гэр бүл дөрвүүлээ. Хүү маань оюутан, охин маань ЕБС-ийн сурагч. Арга билэг гэдэг шиг хугарашгүй ноён нуруу хань минь байна. Бид анх л хамтдаа бизнесээ эхлүүлсэн. Гэр бүлээрээ 2001 оноос “Delhi Darbar” Энэтхэг хоолны рестораныг нээж өнөөдрийг хүртэл бизнесээ үргэлжүүлж байна. Үл хөдлөхийн зах зээл, Ремаксийг хоёр жил судалж, сонирхоод энэ бизнесийг эхлүүлсэн. Ойлгох тусам улам дурладаг бизнес гэж хэлж болно. Хүний үр хойчдоо үлдээх өвийг бүтээлцэж байна гэдэг хамгийн чухал үнэ цэн. Мөн бид хотын соёлд тодорхой хэмжээгээр нэмэр болж байна. Орцоороо ороход л интерьер ямар байх зэрэгт барилгын салбарынханд зөвлөгөө өгөх, харин худалдан авагчдад амьдралын хэв маяг тав тухыг бий болгох сонголтод нь санаа тавьж байгаа учраас ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай байдаг.

 

-Ремаксийн салбар оффисын захирлуудаас цөөнгүй нь агентаас ажлын гараагаа эхэлсэн байдаг. Таны хувьд?

-Миний хувьд 2017 онд “RE/MAX VIP” оффист агентаар ажиллаж эхэлсэн. Энэ бизнес үйлчилгээ үзүүлдэг, бусдын төлөө ажилладаг гэдэг утгаараа хүн бүрээс олон төрлийн ур чадвар шаарддаг. Хүнийг сонсож сурахаас эхлээд мэдрэмж чухал. Аливаа ажлын байранд туршлага чухал байдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нүүр тулсан асуудлыг хэр хурдтай, хэрхэн шийдвэрлэснээрээ туршлагажиж байдаг. Бүх зүйл амар биш. Бүтэлгүйтнэ. Харилцагчаа ойлгож чадаагүй урмыг нь хугалах үе байсан шүү. Хамгийн түрүүнд танил хүмүүстээ үл хөдлөхийн салбарт бизнес эрхэлж байна гэдгээ таниулах нь чухал байдаг. Тухайн үед эртний нэг танил маань цөөнгүй ажилд хамтран ажиллаж дууссаны дараа “Чамтай нийлээд ажиллахад бүх юм бүтээд сайхан байдаг” гэж хэлж байсан нь надад хийж байгаа ажилдаа эзэн болж байна даа гэсэн мэдрэмжийг төрүүлж байлаа. Агентаар ажиллах хугацаанд үл хөдлөхийн зуучлалыг мэргэжлийн түвшинд, олон улсын стандартын дагуу хийдэг нау хаутай, франчайз бизнес гэдгийг илүү мэдэрч дахиад олон боломжуудыг бий болгох боломжтой санагдсан учраас өөрийн оффисоо нээсэн.

-Агентаар ажиллаж байсан учраас одоо ажилчдынхаа жаргал, зовлонг зүрхээрээ мэдэрнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Оффис удирдаад явахаар зах зээлээ мэддэг ч гүйлгээ хийхээ больж, харин оронд нь агентуудаа халамжлахад түлхүү анхаарна. Манай оффис одоогоор 18 /Silver 2, Realtor 4/ агенттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Агентууд анх суурь мэдлэг олгох сургалтуудыг дүүргээд үл хөдлөхийн зах зээлд хөл тавьдаг. Харин Silver Agent нь зах зээлд тодорхой хугацаанд ажилласан, гүйлгээний болон шимтгэлийн хэмжээгээрээ шалгууруудыг давсан, зэрэг ахисан гэсэн үг. Realtor зэргийн тухайд АНУ-д төвтэй 112 жилийн түүхтэй үндэсний риалторуудын холбоо гэж байдаг. Үл хөдлөхийн зах зээл дээр ажиллаж байгаа дэлхийн мэргэжлийн агентууд тухайн холбооны гишүүн болсноор Realtor гэх мэргэжлийн цолыг авдаг. Өөрөөр хэлбэл тэр агент олон улсын зэрэгтэй болоод дэлхийн зах зээл дээр тоглоход бэлтгэгдсэн гэсэн үг. Агентууд Silver, Gold, Platinum гээд зэрэглэл ахиад явдаг. Бизнес учраас зэрэг ахихын хэрээр орлого нь нэмэгдэж, шат шатны сургалтаар нарийн мэргэшээд гүнзгийрээд явдаг.

 

-“Мэргэжлийн агент танд үйлчилнэ” гэсэн бичигтэй сурталчилгаатай олон таардаг. Тэгвэл мэргэжлийн гэдэг тодотголын ард ямар үйл ажиллагаа явагддаг юм бэ?  

-Хэлсэн, амалснаа биелүүлэхээс л мэргэжлийн байна гэдэг үгний үнэ цэн эхэлнэ. Үнэ цэн их мөнгөнд оршихгүй. Ажлаа хэрхэн чанартай гүйцэтгэж байгаад л бий.Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар гэхээр хүмүүс маш том зургаар ойлгодог. Мэргэжлийн байх чанартай байх гээд олон зүйл ярьдаг. Мэргэжлийн байна гэдэг тухайн ажлын жижиг зүйл болгоныг алгасахгүйгээр, алдахгүйгээр чанартайгаар хийж нэг том ажлыг гүйцэтгэхийг л хэлээд байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч мэргэжлийн байна гэдэг тодорхойлолтод харилцааны чадвартай, эргэх холбоо сайтай, судалгаа, төлөвлөгөө, хяналтаа хэрхэх хийх гээд асар олон чадвар багтана. Зуучлал гэхээр “ченжийн” гэх тодотголтой үе байсан. Одоо бол үл хөдлөхийн салбар Санхүүгийн зохицуулах хорооны хяналттайгаар тусгай зөвшөөрөл эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн өндөр түвшний зах зээл болчихсон. Энэ зах зээлд өнөөдөр орчны, үнийн, тухайн байрны түүх хэдэн эзэмшигчтэй, хэдэн оршин суугч солигдсон зэрэг бүх талын судалгааг хийдэг мэргэжлийн агентууд л ажиллаж байна. Эндээс зах зээлийн бодит үнэ гарч ирдэг. Энэ үнийг мэргэжлийн агентууд  харилцагчид санал болгоно. Бид огт судалгаагүйгээр зуучлалын гэрээнд хамтарч ажилладаггүй. Манай улсын хувьд үл хөдлөхийн хөрөнгийн зах зээл хөгжлийн хувьд ч ажилтан мэргэжилтнүүдийн хувьд л дэлхийтэй харьцуулахад залуу. Хөгжлийнхөө үе шатаар л явж байна. Энэ жилээс Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгох, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн агентуудад олгох эрхийг лицензжүүлээд явж байна.

-Мэргэжлийн байхаас гадна мэдрэмж ч бас агентуудад чухал биз? Байр, орон сууц гэдэг хүний урт хугацааны хэрэглээ шүү дээ.

-Яг зөв. Үл хөдлөхийн зах зээлээс хэрэглэгчид ямар өрөөний зохион байгуулалт, тохижилтийг эрэлхийлж байна вэ гэдгийг зах зээл дээр өдөр бүр ажиллаж байгаа агентууд хамгийн сайн мэднэ. Сайн явж байгаа төслүүд олон бий, үгүйсгэхгүй. Зарим төсөл эхлэхдээ л хэрэглэгчийнхээ судалгааг хангалттай аваагүйгээс болоод барилга, бүтээн байгуулалт дууссаны дараа борлуулалт сул байх тохиолдол байдаг. Зарим төсөл жаахан урамгүй. Хаалга онгойлгоод оронгуут гал тогоо байх жишээтэй. Гэтэл хэрэглэгч, захиалагчийн сонголтод тухайн өрөөний зохион байгуулалт, хуваалт, гэрлийн шийдэл гээд маш олон зүйл нөлөөлдөг. Тэгэхээр аль бүсд ямар төсөл хэрэгжүүлэх юм, худалдан авах чадамж ямар байх зэрэг судалгааг хийгээд түүнтэй уялдуулаад хэдэн метр квадраттай байх зэргийг нарийн тооцоллох нь чухал. Төсөл хэрэгжүүлэх гэж байгаа компаниуд энэ зах зээлийн зөвлөмжийг агентуудаас аваасай гэж хувьдаа хүсдэг юм. Хүнд хэрэгцээтэй юм  хийнэ гэдэг борлуулалт нь өндөр байна л гэсэн үг шүү дээ.

 

-Үл хөдлөхийн агентын ажил хэнд илүү тохиромжтой вэ? Ер нь агентаар ажиллах боломж хүн бүрт нээлттэй юу?

-Хүний анхдагч хэрэгцээнд суурилсан бизнес учраас агентын амьдрал тэр чигтээ харилцаа. Хүмүүс ажил хийнгээ амьдарна гэж ярьдаг. Агент бол амьдрангаа ажилладаг гэдгээр онцлогтой. амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүс. Энэ ажил хэнд илүү тохиромжтой вэ гэвэл харилцаан дээр суурилсан бизнест сонирхолтой хүмүүст тохиромжтой. Нэгдүгээрт, бизнес хийе гэсэн чин хүсэл эрмэлзлэл чухал. Хоёрдугаарт, чөлөөтэй ажиллах дуртай. Бас салбартаа сонирхолтой байх хэрэгтэй. Ремаксийн франчайз, агентуудад бизнес эрхлэх бэлэн нау хау, боломжуудыг санал болгодог. Монголын агентууд олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өрсөлдөх ч бүрэн боломжтой.

-Ремаксийн хамгийн чухал нау хау юу вэ?

-Харилцагч өөрөө үл хөдлөхөө худалдвал үндсэн ажлаасаа гадна маркетинг, борлуулалт гээд олон ажил зэрэг амжуулах болно. Харилцагч итгээд орхидог, инээгээд хамтын ажиллагаа дуусахад л Ремаксийн үнэ цэн оршиж байдаг. Нэг бизнесийн нау хауг ашиглан хамтран бизнес эрхлээд хоёр тал ашиг олох боломж бол Ремакс. Нэг зүйлд ганцаараа зүтгээд байх биш. Хэн хэнийгээ нөхөөд худалдагч, худалдан авагч аль аль талдаа хожоод явах нь бизнесийн үнэ цэн. Үл хөдлөхийн салбарын хууль эрхзүйн талын асуудлууд шийдэгдэж байгаад маш их баяртай байгаа. Харилцагчдийг аливаа эрсдэлээс хамгаалахад хууль хамгийн чухал. Үл хөдлөх хөрөнгийн хууль байхгүй гэдгээр алдаатай, сул тал харагдаад байна. Нэг хотхоноос нөгөө хотхоны зай хэд байх юм, ногоон талбай, нийтийн эзэмшлийн талбай ямар байх вэ гэдгийг хэрэгжүүлэхдээ сул хандсанаас түгжрэл хүртэл хамааралтай болж эхэлж байна шүү дээ.

-Та амжилттай бизнесмэн эмэгтэй. Ажил, амьдралын балансаа хэрхэн тэнцүүлж  байна вэ?

-Ажил амьдралын баланс, арга барил цаг үеээ дагаад их өөрчлөгдөх, цоо шинэ амьдралын хэв маягтай болох хэрэгцээ тулгарч байна.  Онлайн орчинд илүүтэй шилжих шаардлагаар эхэндээ нилээн ачаалалтай ажилласан.  Цаашид тэнцэрвэртэйгээр ажиллахад суралцаж, дадаж байна даа. 

 

-Хувь хүний хөгжлийг чухалчлах болсон энэ үед та өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? Таныг үл хөдлөхийн салбараас гадна иогийн багшаар ажилладаг гэж сонссон?

-Би сонирхлоороо “Эрүүлмаа” халуун дасгалын студийн Бикрам иогийн багшаар ажилладаг. 2019 онд бикрам иогийн багшлах эрх олгох курст хоёр сар хагасын хугацаанд хичээллэж төгссөн. Монголд бикрам иогийн мэргэжлийн багшаар хичээл заалгаж багшлах эрх авсан хоёр хүн л байдаг. Надаас гадна Б.Хулан гэж эмэгтэй бий. Үүнээс гадна хувь хүний энэ оны арванхоёрдугаар сард Ремаксийн “R.E.A.L woman’s club “ эмэгтэйчүүдийн клуб албан ёсоор байгуулагдсан.  Энэ клубынхээ удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  Клуб маань эмэгтэйчүүд, тэдний хувь хүний хөгжил, бизнес эрхлэх боломж, хамтрах, хүчээ нэгтгэж хүчирхэг, үнэ цэнэтэй байх, бусад ур чадваруудаа хөгжүүлэхэд нь туслах зорилготойгоор  байгуулагдсан. Одоогоор 500 гаран гишүүдтэй болсон.  Мөн ойрын хугацаанд алсын хараатай хэд хэдэн зорилгуудыг өөртөө тавиад байгаа. Тухайлбал нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхитэй, сурч мэдсэнээ бусадтай хуваалцах зорилготой байна. 

-Удахгүй шинэ он солигдох нь. Ирэх оныг хэрхэн зураглаж, юуг төлөвлөж байна вэ?

-Гурван чухал зорилт байна. Нэгдүгээрт, онцгой цаг үетэй уялдуулан үйл ажиллагаагаа дижитал хэлбэрт илүүтэй шилжүүлэх, агентуудаа дэмжих, мэдээлэл, сургалтаар хангахад анхаарч ажиллана. Хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэгч ХХК-тай судалгаа, маркетинг, борлуулалтаар хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Гуравдугаарт, чөлөөтэй freelincer хэлбэрээр ажиллах зорилготой, үл хөдлөх хөрөнгийн зуучлал бизнесийн салбарт сонирхолтой, үндсэн шалгууруудад тэнцэх ур чадвартай залуучууд, бүсгүйчүүдэд бизнес эрхлэх боломжуудыг олгох ийм гурван зорилтын төлөө ирэх 2021 онд завгүй ажиллахаар төлөвлөж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.