Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс Европын Холбоотой худалдааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Brexit-ийн дараах Европын Холбоо болон Их Британи улсын хоорондын эдийн засгийн харилцааг зохицуулах гэрээг байгуулах тохиролцоонд хүрснээ Лондон, Брюсселийн удирдагчид өчигдөр орой зарлалаа.

Даунинг Стритэд болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхий сайд Борис Жонсон “Бид өөрийн хууль 

ёс, хувь заяаг гартаа буцааж авлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Их Британи улс 27 гишүүнтэй Европын Холбооноос албан ёсоор гарах юм. Үүнээс өмнө амжиж хоёр талын ирээдүйн харилцааг зохицуулах худалдааны гэрээ байгуулах нь Их Британийн хувьд амин чухал асуудал байв.

Британичууд 2016 онд Европын Холбооноос гарах сонголт хийсэн ч худалдааны гэрээ хэлцэл байгуулах асуудал өнөөдрийг хүртэл сунжирсан юм.

Хэрвээ ямар нэг гэрээ байгуулалгүйгээр гишүүнчлэлээсээ татгалзвал Их Британийн эдийн засаг хүнд байдалд орохоор байв.

Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Саад бэрхшээл ихтэй урт замыг туулсан ч бид сайн тохиролцоонд хүрч чадлаа. Бидний байгуулах гэрээ харилцан ашигтай, шударга болсон бөгөөд одоо шинэ хуудас нээж, ирээдүй рүүгээ харах цаг ирж байна. Их Британи улс манай итгэлтэй түнш хэвээр үлдэх болно” гэжээ.

Жилийн 668 тэрбум паундын дүнтэй худалдааны гэрээний үр дүнд ажлын байрууд хадгалагдаж, Британийн бараа бүтээгдэхүүн татваргүйгээр Европын зах зээлд гарах боломж бүрдэж байгааг Борис Жонсон тайлбарласан юм.

Харин загас агнуурын салбарын харилцаан дээр буулт хийхээс өөр аргагүй байснаа тэр хүлээсэн байна.

Үүнээс гадна Британийн эдийн засгийн чухал хэсэг болсон банк, санхүүгийн салбарын харилцаан дээр зарим нэг буулт хийсэн ч Лондон хот урьд урьдынхаас илүү хүчирхэг санхүүгийн төв болж хөгжих зам нээгдэж байгааг Жонсон мэдэгджээ.

Худалдааны гэрээг Их Британийн парламент арванхоёрдугаар сарын 30-нд батлах юм. Европын парламент мөн гэрээг ойрын үед батлана.

Талууд гэрээ байгуулах тохиролцоонд хүрснийг Нэгдсэн Хаант Улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландад таатай хүлээж аваагүй байна.

Шотландын тэргүүн сайд Никола Стержэн “Brexit-ийн үйл явц Шотландын хүсэл сонирхлоос гадуур өрнөж байна. Бидний алдаж байгаа зүйлсийг ямар ч гэрээгээр нөхөх боломжгүй. Европын тусгаар улс үндэстэн болох ирээдүй биднийг хүлээж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC