Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД 19-тэй холбоотой мэтгэлцээнийг хориглох тухай саналд гишүүдийн өгсөн хариулт

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэх дэмжив. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд коронавирустай холбоотой мэтгэлцээнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахыг хориглох тухай санал гаргахын зэрэгцээ сөрөг хүчний гишүүдийг ч шүүмжлэв. Түүний хэлсэн үг болон С.Ганбаатар, Т.Доржханд нарын гишүүдийн өгсөн хариултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд "Үнэн зөв мэдээлэл түгээнэ гэдэг хамгийн чухал байна. Сүүлийн үед телевизүүдээр орой болгон мэтгэлцээн гардаг боллоо. Нэг талд нь ажлаа хийж явах ёстой төрийн албан хаагчид, мэргэжлийн вирус судлаачид, нөгөө талд нь энд тэндэхийн мэдээлэл уншсан төрийн бус байгууллагынхан байна. Төрийн хийж байгаа үйл ажиллагааг үгүйсгэж, үүнээс болоод дараагийн өдөр нь нийгмийн сүлжээгээр төрийн ажил буруу явж байна гэдэг зүйл л явдаг боллоо. 

Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед өвчлөлтэй холбоотой ямар нэгэн мэтгэлцээн явуулахыг хориглосон заалт оруулбал яасан юм бэ. Жишээ нь, “Оном” сан гэж байна. Физикч мэргэжилтэй тэр хүн мэргэжлийн хүмүүсийн үгийг, төрийн хийж байгаа ажлыг үгүйсгээд, нийгмийн хагарал үүсгээд байгаа учраас ийм заалт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 

Мөн манай сөрөг хүчин болох Т.Доржханд, Н.Алтанхуяг нарын гишүүд Төрийн ордонд зүгээр л явж байдаг. Чуулганы хуралдаанд оролцохоороо л хөмсгөө зангидаад, байнгын сөрөг юм яриад байдаг. Нийгэм бухимдалтай байгаа энэ үед гарц шийдэл бус үүнийг далимдуулж, авлига хээл хахууль авч байгаа тухай ярьж ч юм уу, улс төрийн оноо авах гэсэн үйлдлүүд гаргаж байгаагаа таслан зогсоогооч гэж хэлмээр байна. Нэг ч шийдэл хэлэхгүйгээр нийгэмд таалагдах гэсэн л үг хэлж байна" гэсэн юм. Түүний энэ үгийг УИХ-ын дарга дэмжиж, гишүүд гол асуудлаа ярина шүү хэмээн сануулав. 

Г.Ганболд гишүүний саналд Шадар сайд Я.Содбаатар "Хэвлэл мэдээлэлтэй холбоотой тодорхой хязгаарлалтыг хэлэлцүүлгийн явцад нэмэлтээр оруулж болно" гэсэн хариу өгөв. 

Харин сөрөг хүчин болох С.Ганбаатар, Т.Доржханд нарын гишүүд дараах хариултыг хэллээ.  

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үг хэлэхээр л эрх баригчид камерын өмнө хөмсгөө битгий атиралдуул гэх юм. Хөмсгөө яаж ярихаа бид мэдье. УИХ-аас гаргаж байгаа шийдвэрт бидний дуу хоолой ороосой гэж чин сэтгэлээсээ ярьж байгаа хүмүүсийн яаж ярихыг нь битгий заагаарай. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид энэ үед аль болох хамтраад, дэмжээд ажиллая гэж байгаа. Гэхдээ хэлэх зүйлээ хэлнэ. Шийдэл яриач гээд байгаа гишүүнтэй шийдэл ярьж мэтгэлцмээр байна. Хааж хориглох гээд байгаа телевизүүдээр харин ч хааж хориглуулахгүй ярина шүү. Ярих ёстой юм. Коронатой холбоотой ямар ч асуудлаар тантай мэтгэлзэхэд бэлэн байна гэж хэлье. 

УИХ-д 62 суудалтай намын хувьд хүн тус бүр гурван минут үг хэлж, асуулт асууна. Үүн дээр сайд нар орж ирж хариулт өгвөл бараг 500 минут үргэлжилж байна. Гэтэл нэг микрофонтой нам, эвслийн хувьд шийдлээ танилцуулж ярихад 2-3 минут хангалтгүй. Үүнийг ойлгоорой.