Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Алибаба группийн үйл ажиллагааг шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газар тус улсын технологийн аварга компани Алибаба группийг шударга бус өрсөлдөөний хэргээр шалгаж эхэлснийг өнөөдөр зарлажээ.

Сүүлийн үед Бээжингийн эрх баригчид 56 настай Жэк Магийн үүсгэн байгуулсан бизнесийн вант улсад “төрийн төмөр нүүр” үзүүлж эхлээд байгаа.

Өнгөрсөн сард Алибабагийн санхүүгийн салбар Ант Групп Шанхай, Хонг Конгийн биржүүд дээр дэлхийн түүхэнд хамгийн томд орох IPO (Initial Public Offering) ажиллагаа явуулж, $37 тэрбумын хөрөнгө босгох гэж байсныг эрх баригчид хоёр хоногийн өмнө гэнэт зогсоосон юм.

Хятадын Ардын сонинд нийтлэгдсэн Алибаба группийг шалгах болсон тухай мэдээнд “хэрвээ монополь байдлыг зөвшөөрч, компаниудад түрэмгий, дэг журамгүй байдлаар томрох боломж олговол интернэт бизнесийн салбар эрүүл, тогтвортой хөгжиж чадахгүй” гэж бичжээ.

Энэ мэдээг тарсны дараа Алибабагийн хувьцааны ханш Хонг Конгийн бирж дээр 9 орчим хувиар унасан нь энэ оны долдугаар сараас хойших хугацааны хамгийн доод түвшин юм.

Жижиг худалдаачид бараа бүтээгдэхүүнээ онлайнаар зарахын тулд Алибабатай “хоёроос нэгийг сонгох” зарчмаар гэрээ байгуулж ажилладаг нь шударга өрсөлдөөнийг боомилж байна гэж эрх баригчид дүгнэжээ.

Энэ нь зөвхөн Алибабагийн платформоор бараагаа зарах буюу бусад онлайн худалдааны компаниудтай хамтран ажиллахгүй байх зарчим юм.

Жэк Ма энэ оны аравдугаар сард Шанхайд болсон арга хэмжээнд оролцохдоо инновацид саад учруулдаг Хятадын төрийн зохицуулах байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилж байв. 

Үүний дараа Ант Группийн IPO төлөвлөгөөг зогсоож байсан юм. Дээрх арга хэмжээнд оролцсоноосоо хойш Жэк Ма олон нийтийн өмнө ил гараагүй байгаа.

Өнгөрсөн онд Хятадын гэр ахуйн электрон бараа үйлдвэрлэгч Galanz өрсөлдөгч Пиндуодуо платформ дээр бараагаа зарсны төлөө Алибабагаас шийтгэл хүлээсэн талаар шүүхэд гомдол гаргаж байжээ.

“Хятадын интернэт компаниуд олон жилийн турш хатуу зохицуулалтгүйгээр хурдтай хөгжиж томорсон. Гэвч сүүлийн үед болж буй үйл явдлууд томоохон компаниудын хувьд алтан үе дууссаныг тодорхой анхааруулж, ямар ч том компани алдаа гаргах эрхгүйг сануулсан хэрэг боллоо” гэж Циньхуа их сургуулийн дэргэдэх үндэсний стратегийн хүрээлэнгийн судлаач Лю Шү ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters