Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайхан: Цар тахлын үед хүүхдийн эрхийг насанд хүрсэн хүний эрхээс тусад нь авч үзэж, зохицуулах шаардлагатай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хуулийн тавдугаар зүйлтэй холбоотой зарчмын санал хэлье. Хуулийн төсөлд “Хүний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд дарамт үзүүлж, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх” гэж заасан. Гэхдээ хүний эрх, шударга байдалтай холбоотой заалт огт тусгагдаагүй байна. Хүний эрхийг хамгаалах заалтыг энэ хуульд тусгамаар байна. Цар тахлын үед эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа ч иргэд эрхээ эдлэх ёстой. Тухайлбал, эмнэлэгт хөл хорионд орсон иргэдийн эрх зөрчигдөж байна. Халдвар авсан болон өөр шалтгаанаар эмнэлэгт хандаж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна. Нэвтрэх, зорчих үед иргэдийн эрх зөрчигдөж байна. 
Хоёрдугаарт, төрийн байгууллага иргэддээ шударга хандмаар байна. Гуравдугаарт, хүндэтгэлтэй хандах зарчмыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай. Халдвар авсан хүн, түүний гэр бүлтэй эмч эмнэлгийн ажилтнууд, сошиал хэрэглэгчид хүндэтгэлтэй хандмаар байна. 

Эцэст нь хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хангах зарчмыг зайлшгүй тусгах хэрэгтэй. Цар тахлын үед ойлгомжгүй нөхцөл байдалд хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Энэ асуудлыг насанд хүрсэн хүний эрхээс тусад нь авч үзэж, зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.

Зарим гишүүн цар тахлын үед хүүхэд эндсэн талаар дурдсан. Хэрэв хүүхэд өвдсөн бол эцэг, эх, ойрын хүмүүсээс ядаж нэг нь хамт байх ёстой. Тухайн асран хамгаалагчийг өвдсөн хүүхэдтэй адил түвшинд авч үзэх ёстой зохицуулалт энэ хуульд дутагдаж байна. Хүүхдийн эцэг, эх халдвар аваагүй ч хүүхэдтэйгээ хамт байснаар эрх нь зөрчигдөхөөс хамгаална.   

Шадар сайд Я.Содбаатар: Хүний эрхийн асуудал энэ хуульд нэлээд тусгагдсан. Таны саналуудыг хэлэлцүүлгийн явцад тусгаж болох байх. Гэхдээ энэ бол энгийн үе биш онцгой дэглэм учраас хүний эрхийг хязгаарлаж байгаа. 

Хүүхдийн эрхийг тухайд яг амьдал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйл бий. Цар тахал учраас тодорхой хязгаарлалт хийж тэмцэж байна. Үүнийг дагаад заавал хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа. Хүний эрхийг монголын нөхцөл, мэргэжлийн байгууллагын зөвлөмжөө харж байж тооцохгүй бол нэг хүний эрхээр бусад хүний эрхийг хязгаарлах вий гэдгийг бодолцох ёстой.