Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монголын бизнесийн орчинд татварын систем сайжирсан бол төрийн байгууллагын авлига хамгийн том бэрхшээл байсан гэж АНН-үүд үзжээ

Р.Оюун, iKon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн халдвар нийслэлд дахин голомтлон тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс хэрэгжүүлж байна. Дахиад мянга мянган аж ахуйн нэгж хаалгаа барих нь. Өмнөх хатуу хөл хорионы дэглэмээс хойш үйл ажиллагаагаа эхлүүлж ч амжаагүй үсчин, фитнесс, иоганаас эхлээд өөрсдөдөө ажлын байр бий болгодог жижиг, дунд бизнесийн олон салбар цар тахлын давхар цохилтод орж байна. Шалтгаан нь халдварт өвчин учраас вакцин орж ирж хийгдтэл нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байх нь.

Угаас олон шалтгааны улмаас орчим муу байсан Монгол Улсын бизнесийн салбарт цар тахал ийнхүү улам дарамт үүсгэж байна.

Дотоодод коронавирусийн халдвар тархаж амжаагүй байх үед буюу 2020 оны 4-10 дугаар сард Монголын бизнесийн орчин "дунд" гэсэн үнэлгээ авсныг МУИС-ийн Бизнесийн сургууль болон МҮХАҮТ-аас аймгууд болон нийслэлийн 4,075 аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаа харуулав.

Ялангуяа, тав, зургаадугаар сард цар тахалтай холбоотойгоор бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдаж, 2019 онтой харьцуулахад 70%-ийнх нь орлого 10-50 болон түүнээс их хувь буурсан хэмээн хариулжээ.

2019 бизнесийнхний хувьд харьцангуй сайн жил байж. Бизнесийнхний 60%-ийнх нь орлого өссөн бол энэ ахиц цар тахлаар үгүй болов.

2020 оны байдлаар бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50% буурсан бөгөөд бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам дордуулсныг тэд дараах байдлаар хариулжээ.

Авлига хээл хахууль хүндрэлтэй байгаа тухай хариулсан ААН-ийн тоо жилийн хугацаанд 5 пунктээр нэмэгдэж, 62% нь ийн хариулсан бол төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их тээг болж байгаа мөн санал нэгтэй хэлж, эдийн засаг, засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлэгджээ.

Хүснэгт. Бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас учруулж буй хүндрэл үүсгэж буй хүчин зүйлс 

 
Тайлбар: “маш муу” ба “муу” гэсэн хариултуудын нийлбэр хувиар

Энэхүү хүснэгтээс улаан болон улбар өнгөөр будагдсан хэсгүүд хамгийн анхаарал татах асуудлууд гэсэн үг. Тухайлбал, газрын албыг хамгийн их хүндрэл учруулдаг байгууллага гэж үнэлсэн байна.

Судалгаанд оролцогсдын 52.4% нь авлига, хээл хахууль их, 48.6% нь хүнд суртал ихтэй, 39.5% нь мэргэжилтний харилцаа ёс зүй муу, 35.0% нь нэгж, албад хоорондын уялдаа холбоо муу, 30.3% нь мэргэжилтний мэдлэг, ур чадвар муу гэж үнэлснийг цаашид онцгой анхаарах хэрэгтэй хэмээн судлаачид үзэв.

Мөн яамдыг хүнд суртал ихтэй (49.7%), авлига,хээл хахууль их (48.5%), нэгж, албад хоорондын уялдаа холбоо муу (41.9%), дүрэм журмын тодорхойгүй байдал их (29.8%) гэж бизнес эрхлэгчид хэлжээ. Гаалийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны хүнд суртал их зэрэг бэрхшээлүүдийг эндээс харж болохоор байна.

Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх нь тодорхойлсон байгаа юм. 

Ерөнхийд нь судалгаанаас аваад үзэхээр хамгийн нааштай эерэг өөрчлөлт гарсан салбар нь татварын орчин гэжээ.

"Монголын бизнесийн орчин" судалгааг анх 2017 онд явуулж байсан хамгийн муу үнэлгээ авч байсан зүйл нь татварын орчин байжээ. Харин 2020 онд татварын орчныг мэдэгдэхүйц сайжирсан хэмээн үнэлсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, 2017 онд "маш муу" гэж үнэлж байсан бол 2020 онд 9% нь ингэж үнэлжээ. 50% нь дунд зэрэг, 17% нь сайн гэсэн эерэг үнэлгээтэй байна.

Татварын байгууллагын үйлчилгээ мөн мэдэгдэхүйц сайжирч, татвараа тайлагнах үйл явц хялбар болсныг бизнес эрхлэгчид онцолж байна. Татварын шинэчлэлийн хүрээнд:

2018 оны Татварын албанд нийт 100,919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ. Тэгэхээр үлдсэн 96.6 хувь буюу 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүд шинэ хуулийн зохицуулалтаар 1%-ийн татвар төлөхөөр болсон нь мэдэгдэхүйц дэмжлэг болжээ.

Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд 4 удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд 2 удаа, харин бичил татвар төлөгчид жилд 1 удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдсэн. Хамгийн гол нь үүнийгээ цахимаар тайлагнах болсон нь хамгийн том давуу тал болсныг бизнес эрхлэгчид сайшаажээ.

Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болох нь. 

Тэгвэл энэ хүнд цаг үе гэлтгүй бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг юу дутагдаж байна вэ гэдгийг уг судалгааны дүнгээс харж болно.

Хамгийн түрүүнд тэд Засгийн газрын дэмжлэгийг хүсэж буйгаа хариулжээ.

График. Бизнес эрхлэгчдэд ямар байгууллагын дэмжлэг чухал хэрэгцээтэй байна вэ? 

 
Эх сурвалж: МУИС-ийн Бизнесийн сургууль

Судалгаанд оролцсон ААН-үүдийн

  • 300 сая төгрөг хүртэл жилийн борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчдийн 58.5% нь Засгийн газар
  • 80.5% нь орон нутгийн засаг захиргааны байгууллагын дэмжлэг оролцоо хамгийн чухал гэж үзсэн бол
  • 50-300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчдийн 48% нь арилжааны банкны дэмжлэг хамгийн чухал гэж үзжээ.
  • Харин 1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид мэргэжлийн холбоодын дэмжлэг цаашид хамгийн чухал гэж үзсэн нь онцлог байна.

Эндээс дүгнэж үзвэл бага орлоготой бизнес эрхлэгчид (1.5 тэрбумаас доош) Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, арилжааны банкны дэмжлэг цаашид хамгийн чухал гэж үзэж байхад 1.5 тэрбумаас дээш орлоготой бизнес эрхлэгчдийн хувьд мэргэжлийн холбоодын дэмжлэгийг чухал гэж үнэлснийг цаашид анхаарах хэрэгтэйг судлаачид анхааруулсан байна.

Харин Монголын бизнесийн орчныг бүхэлд нь таатай болгон сайжруулахын тулд бизнесийн зээлийн хүүг бууруулах, нөхцөлийг сайжруулах хэмээн 80% нь шийдлээ тодорхойлжээ.

Энэхүү дүгнэлтийг гаргахдаа хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн жагсаалтаас хамгийн чухал гэж үзсэн 5 арга хэмжээг сонгосон нийт хариултын тоог 100% гэж үзэн хувийг тооцоолсон байна. Дээрх хариултаас гадна

  • Татварын таатай орчныг бүрдүүлэх (77.9%),
  • Хууль эрх зүйн орчныг сайжруулах (62.9%), Үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих (58.8%),
  • Авлига, хүнд суртлыг бууруулах (51.5%) арга хэмжээг онцлон тодорхойлсныг анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь бизнес эрхлэх нөхцөл байдлыг нарийвчлан судлахад: 

  • Бизнесээ санхүүжүүлэх эх үүсвэр олоход төвөгтэй
  • Эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авахад хүндрэлтэй

гэж хариулсныг шийдвэр гаргагчид анхаарах хэрэгтэй болов уу.

Харамсалтай нь цар тахлын энэ хүнд нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд хямралаас бусад үед ч нэн шаардлагатай байдаг санхүүжилтийн эх үүсвэр дээр дэмжлэг болох алхам огт хийхгүй байгаа юм.