Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь тусгай зөвшөөрөл олголтыг зохицуулдаг хууль болох вий

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: А.Ариунзаяа сайд та өөрөө боловсруулаагүй, өөрөө өргөн бариагүй хуулиа байн байн оруулж ирж хэлэлцүүлээд байх юм. Засгийн газрын бодлогын залгамж шинж чанар байгааг ойлгож байна. Гэхдээ коронагийн үеэр гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал зургаан сараас нэг жилээр хойшлох нь ойлгомжтой. Энэ үнэхээр яаралтай асуудал мөн үү. Та энэ хуулийн төслийг уншиж танилцаж, өөрийн болгож чадсан уу. Үүнийг одоо хэлэлцэх гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуультай нэгтгээд өргөн барих бололцоо байгаагүй юу. 

Монгол Улсын иргэн гадаадад очиж ажиллахад энэ хууль үйлчлэх нь ойлгогдож байна. Харин гадаад улсын иргэн Монголд ирж ажиллахад энэ хууль үйлчлэхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Хөдөлмөрийн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдана. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Та төрийн бодлогын залгамж гэж хэллээ. Манай яамны хувьд сайд нь л солигдсон болохоос бусад бүх дарга, мэргэжилтнүүд хэвээрээ байгаа. Сайд солигдлоо гээд хууль нь бас солигдож болохгүй. Хөдөлмөрийн тухай хууль өргөн баригдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд хоорондын уялдаа холбоо нь хангагдаад явна. Гэхдээ Хөдөлмөрийн хуулиар бүгд зохицуулагдах боломжгүй. Тиймээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадаадад ажиллах болон гадаадаас ирж ажиллах хүчний асуудлыг зохицуулж байгаа. Энэ хуулийн төсөлд өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өөрчлөлтийг оруулсан. 2001 оноос хойш энэ хууль шинэчлэгдээгүй учраас өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Хуулийн төслийг буцаан татсанаар ахиад хугацаа алдана. 

Энэхүү хуулийн төсөлд би 100 хувь итгэл үнэмшилтэй байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн ордонд уг хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн төсөлтэй танилцсан. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад дэвшил гаргахуйц хууль батлагдаасай гэж хүсэж байна. Та бүхний гаргасан судалгаанаас харахад гадаадад байгаа Монголчуудынхаа тоог мэдэхгүй байгаа юм байна. Ойролцоогоор 120 мянга гэж байна. Бүртгэлийг шинэ шатанд гаргах шаардлага байна. Тэдгээр иргэд байгаа орныхоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 30 хувь доогуур цалинждаг, эрх ашиг нь зөрчигддөг, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй гэж байна. Энэ хууль батлагдсаар тэдгээр хүмүүсийн эрх ашиг хэрхэн хангагдах вэ. 

Хоёрдугаарт, эх орондоо ажиллаж байж эрх ашиг нь зөрчигдсөн олон хүн бий. Тухайлбал, уур уурхайн компанид урт хугацаагаар ажиллах гэх мэт. Гуравдугаарт, жилд гаднаас 10 мянга орчим иргэн ирж ажиллаж байна. Жил болгон 10 мянган иргэнийхээ ажлын байрыг гадаад иргэдэд алдаж байна. Гэтэл гаднаас ирж байгаа ажилчдын 40-70 орчим хувь нь мэргэжил шаардахгүй ажлын байр байна гэж байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Гадаадад байгаа Монголчуудын тухайд зөвхөн манай яам гэхээсээ Гадаад хэргийн яамтай хамтарч бүртгэлжүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Манай яамны зүгээс гадаадад ажиллах хүч илгээхтэй холбоотой зохицуулалт буюу албан ёсоор төрийн байгууллагууд болон зуучлах байгууллагуудаар зуучлуулж байгаа иргэдийн асуудал яригдана. 

Хоёрдугаарт,  уурхайн ээлжийн асуудал Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана.

Гуравдугаарт, Монгол Улсад гадаад иргэнийг ажиллуулахаар авчрахын өмнө тухайн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 14 хоногийн хугацаанд ажилтан очихгүй бол гадаадаас ажиллах хүч авах боломж бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Би энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн бодолтой байна. Энийг нэг хуулиар зохицуулах боломжгүй асуудал шүү дээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг маш олон хуулиар зохицуулагддаг тогтолцоон дээр байгаа асуудлыг зөвхөн энэ хуулиар шийдэх юм шиг зүйл яриад байх юм. Энэ хуулийг дагаж гарах бусад хуулийн зохицуулалт дээр ч дорвитой зүйл харагдахгүй байна. Явсаар байгаад энэ нь зүгээр нэг лицензийн хууль болох гээд байна. Гаднаас ажиллах хүч авах гэж байгаа зуучлагч, гадагшаа ажиллах хүч гаргах гэж байгаа зуучлагчийн тусгай зөвшөөрлийг яаж олгох уу, яаж цуцлах уу гэдэг асуудал л болох гээд байна. Энэ хуулийн хэлэлцэхээр болбол хуулийн үйлчлэх хүрээн маш нарийн тусгаж өгөх шаардлагатай. 

Ийнхүү гишүүд үг хэлж, хариулт авснаар санал хураалт явуулж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.