Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгээр гадаадын иргэнийг албадан гаргах эрхгүй болж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулин төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн 37.9-доршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан гадаадын иргэн хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан гаргахаас чөлөөлөх эсэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ” хэмээн заажээ. 

Уг заалттай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэллээ. 

Тэрбээр “Хуулийн төслийн 37.9-д гадаадын иргэнийг албадан гаргахтай холбоотой тодорхойгүй заалт оруулсан байна. Монгол Улсад дураараа дургисан, сайд дарга нарын хамааралд байдаг, Монголчуудын эрх ашгийг зөрчдөг нөхдүүдийг албадан гаргах боломжгүй болох гэж байна. 

1990 оноос өнөөдрийн хүртлэх 30 жилийн хугацаанд Монголын төр нийт 16 мянга орчим гадаадын иргэн албадан гаргасан. Түүн дотор БНХАУ-ын иргэн 12 мянга байдаг. Тэдний зургаан мянгыг нь намайг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар ажиллаж байхад албадан гаргасан байдаг. 

Дээрх хуулийн заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаан, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалаад гадаадын иргэнийг албадан гаргах эрхгүй болж байна. Захын нэг эмчээс бичиг авч ирээд албадан гаргуулахаас чөлөөлөгдөнө. Түүнийг нь авч үзэхгүйгээр албалан гаргах шийдвэр гаргавал тэр нөхөр шүүхэд хандана. Албадан гаргах эрх нь шүүхэд шилжинэ. Хувийн нөхцөл байдал гэдгээр янз янзын өргөдөл гаргаж шүүх рүү очоод байх нөхцөл байдал үүсээд байна" гэв. 

Ийнхүү Б.Пүрэвдорж нарын гурван гишүүн үг хэлснээр уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх байнгын хорооны хуралдаанын хэлэлцүүлэг өндөрлөв. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлахад бэлэн болголоо.