Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Оргил: Хэнд сайхан сэтгэгдэл үлдээнэ, түүгээрээ бизнесээ өргөжүүлэх боломж РЕМАКСТ л бий

ikon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN

Ярилцлага: Г.Тэгшсүрэн

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани Монголд албан ёсоор нээлтээ хийсэн цаг хугацаа 2015 он. Ингэж Монгол Улс RE/MAX-тай болж улс дотроо франчайз эрх олгох төв оффисыг байгуулсан. Тэндээс франчайз эрх авч Монгол дахь RE/MAX-ийн аравдахь салбар “RE/MAX VIP” оффисыг нээсэн, брокер эзэмшигч Э.Оргилтой бизнесын амжилт, алдаа онооны талаар талаар хуучиллаа. Тэр RE/MAX Mongolia-ийн анхдагчдын нэг. RE/MAX нь үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа болон худалдан авч байгаа хоёр талыг холбодог зуучлалын бизнес бөгөөд Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хурдтай тэлж зах зээлийн тэргүүлэгч болоод байгаа юм. Зөвхөн энэ жил л гэхэд хэдийгээр зах зээлийн нөхцөл байдал амаргүй, дэлхий даяар пандемик нөхцөл байдалтай байсан ч энэ хамт олон 450 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулжээ.            

-Франчайз бизнес олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес модуль бидний ярилцах шалтгаан боллоо. Ярилцлагын эхэнд таны бизнес танд болоод бусдад ямар ашигтай вэ гэж асуумаар байна. ?

-Бизнес эрхэлж байгаа надад ашигтай. Үйлчилгээ үзүүлээд тодорхой хэмжээний шимтгэлээ авч байгаа агентад ашигтай. Байраа худалдах гэж байгаа худалдан авах гэж байгаа хүмүүст ч ашигтай. Жишээлбэл зарим хүн “Надад ийм л мөнгө байна” гээд буруу газраа байр хайгаад байдаг. Гэтэл тэр мөнгөнд таарах өөр тав тухтай, байрлал сайтай орон сууц олон байхад зах зээлийн судалгаагүй учраас олж чадахгүй байх тохиолдол бий. Тийм учраас мэргэжлийн, өдөр бүр үл хөдлөхийн зах зээлийг судалж байгаа агентад хандах нь иргэнд ашигтай. Тэгэхээр Ремакс бүх хүнд ашигтай гэж хэлэх байна. Насаараа цуглуулсан хөрөнгөөрөө авч байгаа үл хөдлөх хөрөнгөө сонгохдоо хэрэглэгчид заримдаа үнэхээр хайнга хандаж байгаа санагддаг.               

 

-Ремакс франчайз эрхийг хэнд олгодог вэ?

-Шалгуурыг төв оффисоос тавина. Бизнес эхлэх гэж байгаа хүний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа мөнгө цэвэр орлого мөн эсэхийг ч шалгана. Миний хувьд 2016 оны арванхоёрдугаар сараас эгч маань санал тавьсны дагуу Ремакс гэх “айл”-тай амьдралаа холбож байлаа. 2017 оны нэгдүгээр сарын 3-нд RE/MAX VIP оффисоо нээж франчайз гэрээнд гарын үсэг зурсан. Анх 17 агенттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөрсөн гурван жил зургаан сарын хугацаанд 50 гаруй агенттай ажиллажээ. Үл хөдлөх зах зээлийн хандлагаас эхлээд худалдаа, маркетинг гээд их зүйл сурсан, суралцсаар ч байгаа. Залуучууд энэ бизнесийг их сонирхож байна. Тухайлбал Ремаксийн франчайз эрх авсан залуучуудын дундаж нас 35 байна.

 

-Яагаад залуучууд илүүтэй сонирхоод байна?

-Шалтгааныг нь залуучууд зоригтой байна л гэж хардаг. Мөн нийгмээ, зах зээлээ мэдэрч байна. Эрсдэлээ хараад, бодоод байвал хэн ч, ямар ч бизнесийг эхлүүлж чадахгүй шүү дээ.

-Та анх үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ тодорхой эрсдэлийг тооцоолсон биз? Гурван жилийн алдаа, оноо, амжилт юу байв?

-Монголд шинэ бизнес, шинэ үйлчилгээ учраас эрсдэл байсан. Анхны ойлголт бол үл хөдлөх хөрөнгө зуучлалын бэлэн нау хау юм байна, үүнийг Монголд цаашид хэрхэн нутагшуулах вэ гэдэг бидний гол зорилго байлаа. Би 2010-2013 онд “Наран” их дэлгүүрийн хувцасны тасагт брэнд менежерээр ажилладаг байсан юм. Мөн 2003-2010 онд Ирланд улсад амьдардаг байхдаа ч супермаркетаас эхлээд ресторанд менежер хийж явсан. .Хүмүүстэй харилцаж, хүнийг хэрхэн ажиллуулах хандлага, ёсзүйг тэнд сурсан. Оффисоо нээснээс хойш борлуулалтаараа үргэлж RE/MAX Mongolia-н эхний тавд жагсаж ирсэн. Сүүлийн 2-3 сарын хугацаанд коронавирусийн халдварын нөлөөллийн улмаас энэ амжилтаа бататгаж чадсангүй. Манай агентуудын нийт борлуулсан орон сууцны тоо 600 гаруй, нийт 60 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн. Анх оффис нээгдэхэд эхнэртэйгээ хамт ажилд орсон Батхүү агент маань Ремаксийн бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй, олон тооны орон сууц борлуулж 2018 оны шилдэг агент болсон. Тэр эхнэртэйгээ хамтаар багаар ажиллаж 19 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 250 гаруй орон сууцыг зах зээлд эргэлтэд оруулсан. Тэгэхээр хоёр хүний оролдлого маш өндөр. Манай оффисын борлуулсан 600 гаруй орон сууцны 500 гаруй нь төсөл байсан. Манайх бусад оффистой харьцуулахад төслийн борлуулалтад илүүтэй анхаарч ажилласан. Оффисоо нээснээс хойш 50 гаруй агент сургасан ч өнөөдөр 24 агент ажиллаж байна. Магадгүй энэ миний алдаа байж болно. Оффисийн захирлын хувьд агентуудаа 100 хувь халамжилдаг бизнес. Цааш үл хөдлөх худалдах, маркетинг хийх ажлыг агентууд маань хийгээд явдаг. Хүмүүсээ стрессгүй ажиллуулж, олон бүдрэхгүйгээр амжилтад хүрэхэд нь би буюу оффисийн захирлууд чиглүүлж өгөх ёстой. Агентууд маань байр худалдан авах гэж буй худалдах гэж буй хүмүүстэй харилцдаг ажил хийдэг бол би тэдний ажилд юу шаардлагатай байна түүгээр хангаж өгөх үүрэгтэй хүн.

 

-Ремаксийн дотоодын зуучлалын компаниас онцлох давуу тал нь юу вэ?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын бэлэн систем, бизнесийн модуль байна. Нэг ёсондоо би цоо шинэ бизнес эхлүүлээд танигдахаас илүү бэлэн систем худалдаад авчихаж байгаагаараа давуу талтай. Дотоодын зуучлалын компани, Ремакс хоёрын ялгаа нь энэ. Ремаксийг анх хүмүүс үл хөдлөхийн зууч гэхээр дотоодын компани л гэж хүлээж авдаг байсан. Ремакс цаг хугацаандаа маш олон хүний хөдөлмөрөөр нийгэмд танигддаг бизнес. Анх Монголд Ремаксийн төв оффис 2015 онд нээлтээ хийснээс хойш өнөөдөр 50 оффис нээгдээд байна. Анх Ремакс 100 агенттай байсан, өнөөдөр хэд дахин өссөн.

- Ремакс гадны хөрөнгө оруулалттай. Тэр хэрээрээ олсон ашиг орлого нь гадаад улс руу шилждэг гэх асуудал яригддаг ?

Хариулт эсрэгээрээ. Миний хувьд анх оффис нээхэд болон оффис эрх авахад эгч маань санал тавьсны дагуу хамтран бизнесээ эхлүүлсэн. Манай компани 100% Монгол хүмүүсийн хөрөнгө оруулалттай, энд ямар ч гадны хөрөнгө оруулалт байхгүй. Мэдээж энэ брэндийн нөү хауг эзэмшиж, технологийг ашиглахын тулд эхлээд тодорхой төлбөр төлнө. Хүний бэлэн бүтээгдэхүүн ашиглаж байгаа учраас төлбөр төлөх нь зохих ёсны хэрэг. Энэ төлбөрийн нэг хэсэг гадагш гарна. Харин бусад хөрөнгө оруулалт нь цэвэр манайд үлдэн эдийн засгийн эргэлтэд орж байна. Монголд байгаа бүх л брэнд франчайзуудийн үйл ажиллагаа энэ хэлбэрээр явж байгаа. Энэ буруу ойлголтоос салах цаг аль хэдийн болсон.

 

- Компанийн монголын эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт, хувь нэмрийн талаар тооцоо судалгаа бий юу? Татвар, хураамжийн тухайд ямар байдаг юм бол?

2015 онд “Ремакс” брэндийн анхны оффис нээгдэн үйл ажиллагаа явуулснаас хойш өнөөдөр нийт 50 оффистой , 1000 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагчтайгаар ажиллаж дундаж орон сууцны борлуулалтын үнийн дүнгээр бодоход 8,900 гаруй айл өрхийг орон сууцтай болоход үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлсэн байна.

Ремаксчууд улирал бүр бүх борлуулалт, бусад мэдээллээ олон нийтэд зарладаг , шилэн данстай цөөхөн хэдхэн байгууллагын нэг. Учир нь энэ бол маш чухал зүйл гэдгийг мэддэг ёс зүйг дээдэлж ажилладаг хамт олон. Ёс зүй гэдэг зүйлийн талаар сайн мэдээлэлгүй хүмүүст ёс зүйг ойлгуулна гэдэг маш их хүч хөдөлмөр.

Мэдээж үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулж буй иргэд маань хоёр хувийн татвараа төлөхөөс гадна зуучлуулын төлбөр буюу шимтгэлээ төлнө. Нийгэм маш хурдан хувьсан өөрчлөгдөхийн хэрээр “Үнэгүй.мн”, “Зар мэдээ” сонин эсхүл фэйсбүүк хуудсуудаар зар тавьж байраа худалдах иргэдийн сонирхол буурч илүү албан ёсны агентлагт хандаж, өөрт төвөггүй байдлаар, эрсдэлгүйгээр асуудлыг шийдэхийг эрмэлзэх болж.  Энэ хэрээр манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар хурдацтай хөгжиж байна.

 

-Ремаксчууд өрсөлддөггүй, хамтардаг гэсэн уриатай. Монголд үйл ажиллагаа явуулж буй 50 оффис, 50 захиралд өрсөлдөхгүй байх боломж бий гэж үү? 

-Нэг үл хөдлөхийг нэг л агент гэрээ хийж худалдах эрхтэй. Өөрөөр хэлбэл давхацдаггүй. Тэр утгаараа бид өрсөлдөггүй. Тийм болохоор бид зах зээл дээр маш том тоглогч.

-Бизнесийн ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Этикээ зөв хандлагатай болгочихвол хөгжил ойрхон байна. Залуусын хандлага өөрчлөгдөж байгаа. Миний хувьд эргэн тойрныхондоо санал тавьдаг. Хувиараа бизнес эрхлэх үү, чамд ийм боломж байна. Шимтгэлийн орлогоороо цалинжина. Хүмүүст сэтгэгдэл хэрхэн төрүүлж чадна түүгээрээ чи өөрийн бизнесээ өргөжүүлнэ. Энэ бол Ремаксийн үнэ цэн.

-Гадаадын орнуудад байраа худалдах, худалдан авахдаа зуучлалын байгууллагад даатгаад үлдээх хандлага элбэг. Манайд энэ хандлага, зуучлалын байгууллагад хүлээлгэх итгэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байх шиг?

-Орон сууцны зах зээл дээр 60-70 хувь нь зуучлалын байгууллагад хандаж байна. Өнөөдөр зах зээл дээр байгаа орон сууцны 50-60 хувь нь Ремакстай ямар нэг байдлаар холбогдсон байдаг. Учир нь Ремакст байгаа үл хөдлөхийн дата бааз их. Жил ирэх тусам Ремакс хүлээн зөвшөөрөгдөж байна. Одоо тусгай зөвшөөрөлтэй болчихлоо. Өмнө нь гардаг байсан буруу үйлдлүүдийг засч залруулж эхэлж байгаа учраас итгэл нэмэгдэж зуучлалын эрэлт ихэсч, мэргэжлийн хүмүүст нь даалгаад үлдээчихэж байна.  

 

-Манай улсад орон сууц худалдан авах санхүүгийн чадвар, чадамж ямар байна вэ?

-Банкны, хувь лизинг, бэлэн мөнгө, бартер гээд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад худалдан авах процесс бүх л төрлөөр эргэлдэж байна. Зарим үед 100 хувь дизель шатахуунаар байраа бартердах хувилбар ч байдаг. Ихэнх тохиолдолд байрны бартерын 30-40 хувьд нь автомашин явж байдаг. Ипотекийн зээл багасчихсан, банкны өөрийн зээлээр авна гэхээр хүн бүхэн шаардлага хангаж чадахгүй. Тиймээс байр, машин хоёр төлбөрийн бүх төрлийн хувилбарт орчихсон явж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.