Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг өөрийнх нь вакцин дарж чадна гэдэгт BioNTech итгэлтэй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Pfizer компанитай хамтран бүтээсэн Covid-19 өвчний эсрэг вакцин нь Их Британид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг дарах чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Германы BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин өчигдөр мэдэгджээ.

Компани нь вирусийн шинэ хувилбарыг ойрын өдрүүдэд судлах гэж байгааг тэр Bild TV сувагт ярьсан байна.

Ердийнхээс илүү өндөр халдварлах чадвартай шинэ хувилбар хүмүүсийн дунд тархсны улмаас Их Британи улс зарим бүс нутагтаа Бямба гарагаас эхлэн хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа.

Аюулгүй байдлын үүднээс дэлхийн олон орон Британийн чиглэлийн нислэгүүдээ зогсоогоод байна.

Өчигдөр Европын Холбооны удирдлага Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах зөвшөөрлийг олгосон юм.

Дархлаажуулах ажил Европт зул сарын баярын дараа эхлэх төлөвтэй байна.

Өчигдөр бас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын албаны хүн вирусийн шинэ хувилбарын тархалт хяналтаас гараагүй, үүнээс ч илүү өндөр халдварлах чадвартай коронавирусийн хувилбарын тархалтыг цар тахлын үеэр зогсоож байсан туршлагатайгаа мэдэгджээ.

“Бид үүнээс ч илүү өндөр халдварлах чадвартай вирусийн хувилбартай цар тахлын үед тулгарч, тархалтыг нь зогсоож чадаж байсан. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг хяналтаас гарсан гэж хэлэх боломжгүй. Тархалтыг хязгаарлахын тулд авсан арга хэмжээ маань зөв. Үүнийгээ арай илүү урт хугацаанд, арай илүү эрчимтэй хэрэгжүүлбэл бид вирусийг хяналтдаа оруулж чадна” гэж ДЭМБ-ын шуурхай тусламжийн албаны захирал Майкл Райан өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Коронавирусийн шинэ хувилбар Их Британиас гадна Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн байна.

Одоогоор дэлхийн 30 орчим улс энэ хоёр улсаас зорчин ирж буй хүмүүст хилээ хаагаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters, AFP