Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжаны банкир асны гэргий $30 саяын хөрөнгөө хураалгах магадлалтай болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Азербайжаны төрийн өмчит банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жахангир Хажиев 5 тэрбум манатын ($3 тэрбум) хөрөнгө хувьдаа завшсан хэргээр 2016 онд 15 жилийн хорих ял сонссон юм. Одоо тэр Азербайжаны шоронд хоригдож байгаа.

Түүний гэргий Замира Хажиева одоо Их Британийн нийслэл Лондон хотод баян тансаг амьдардаг. Их Британийн шүүх орлогынхоо эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй бол түүний өмч хөрөнгийг хураах шийдвэрийг 2018 онд гаргаж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Замира Хажиева шүүхийн шийдвэрийг давж заалдах сүүлчийн боломжоо ашигласан ч үр дүнд хүрээгүй байна.

Одоо тэр орлогынхоо эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй бол нийт $30 сая орчимтой тэнцэх хөрөнгөө хураалгахаас өөр аргагүй болжээ. Үүнд Лондон хотын төвийн Найтсбриж дэх орон сууц, Беркшир дэх $14 саяын үнэлгээтэй гольфын клуб зэрэг хөрөнгө багтаж байна.

Британийн хэвлэлүүд өнгөрсөн онд Хажиевагийн тансаг хэрэглээний талаар баримтуудыг дэлгэж байв.

Тухайлбал 2006-2016 онуудад тэр зөвхөн Харродсын их дэлгүүрээс нийт $21 саятай тэнцэх дүнтэй эд бараа худалдаж авсан байна. Ингэхдээ зөвхөн цай авахад $32,000, жимс, хүнсний ногоонд $13,000, Godiva шоколад авахад $42,000 зарцуулж байсныг төлбөрийн баримтаар тогтоожээ.

Хажиева бас Boucheron, Cartier брэндийн үнэт эдлэлд $6.5 сая, Celine брэндийн хувцсанд $400,000 зарцуулсан байна.

Их Британийн эрх баригчид сүүлийн жилүүдэд тус улсад амьдардаг гадаадын их хөрөнгөтэй хүмүүсийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгах болсон юм.

ОХУ болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд, олигархиуд хууль бусаар олсон хөрөнгөө Британид төвлөрүүлж, гэр бүлийнхнийгээ суурьшуулах явдал түгээмэл байдаг.

Хэрвээ тус улсын хууль сахиулагчид Хажиевагийн хөрөнгийг хурааж чадвал ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гаргасан анхны томоохон амжилт болж, цаашдын мөрдөн шалгах үйл ажиллагаанд чухал түлхэц болно гэж албаныхан үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian