Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын конгресс эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Цар тахалд хямарсан эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг АНУ-ын хууль тогтоогчид батлахаар санал нэгджээ.

АНУ-ын хоёр гол улс төрийн нам хоёр дахь хөтөлбөрийн агуулга дээр санал зөрөлдөж, хэрэгжилт нь олон сараар хойшлоод байв. Гэвч коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч, олон сая америкчууд ажилгүй болсон тул энэ удаа зөвшилцөлд хүрэхээс өөр аргагүй болсон юм.

Хөтөлбөрийг Баасан гарагт батлах эцсийн хугацаатай байсан ч сунжирсаар амралтын өдрүүдэд үргэлжилжээ. Нийтдээ $900 тэрбум орчмын хөтөлбөрийг батлах дээр талууд санал нэгдэж чадсаныг конгрессийн удирдлагууд мэдэгдээд байна.

Хөтөлбөрийг батлах санал хураалтыг Даваа гарагийн шөнө дундаас өмнө зохион байгуулах төлөвтэй байна.

АНУ-ын эрх баригчид эдийн засгийн эхний хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сард $2.4 их наядын хэмжээтэйгээр баталсан нь тус улсын түүхэнд хамгийн том арга хэмжээ байв.

Уг хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрт $1,200-ын чек тарааж, ажлын байраа алдсан иргэдэд долоо хоног бүр $600-ын дэмжлэг үзүүлэхээр болж, хувийн хэвшлийнхэнд мөнгөн тусламж үзүүлсэн юм.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд цомхотгогдсон ажлын байрны бараг тал хувь нь сэргэсэн байна.

Гэвч цар тахлын хоёр дахь давалгааны улмаас эдийн засаг дахин хямарч, ажилгүйдэл өссөн юм. Долоо хоногийн хугацаанд 885,000 хүн ажлын байраа алдсаныг өнгөрсөн Пүрэв гарагт зарласан нь есдүгээр сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Ажилгүй болсон иргэдэд туслах өмнөх хөтөлбөрийн хугацаа энэ сард дуусч байгаа бөгөөд шинэ хөтөлбөр батлагдахгүй бол 12 сая америк хүн ямар ч орлогогүй шинэ оныг угтахаар болоод байжээ.

Удахгүй батлагдах гэж байгаа АНУ-ын түүхэнд хоёрт орох томоохон хөтөлбөрийн хүрээнд иргэдэд $600-ын чек тарааж, ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр $300-ын тэтгэмж олгох юм. Мөн жижиг бизнесүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, хүн амын эмзэг хэсэгт үзүүлэх хүнсний тусламж зэрэг багтжээ.

 

Эх сурвалж: BBC