Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн шинэ хувилбар тархсантай холбоотой улс орнууд Их Британийн чиглэлийн нислэгүүдээ зогсоож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсад коронавирусийн илүү аюултай шинэ хувилбар хүн амын дунд хүчтэй тархсныг өнгөрсөн Бямба гарагт зарласан билээ.

Үүнтэй холбоотойгоор Ирланд, Герман, Франц, Итали, Нидерланд, Бельги улсууд Их Британийн чиглэлийн нислэгүүдээ зогсоох арга хэмжээ авсан байна.

Европын Холбооны удирдлагууд Даваа гарагт уулзаж, өөр ямар нэмэлт арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр болжээ.

Коронавирусийн шинэ хувилбар нийслэл Лондон хот болон Английн зүүн өмнөд хэсэгт тархаж, хяналтаас гарсан тул Бямба гарагийн шөнө дундаас эхлэн эдгээр бүс нутагт хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон юм.

Ингэснээр 16 сая гаруй хүн уламжлалт зул сарын баяраа тэмдэглэж чадахгүй болж байна.

Вирусийн шинэ хувилбар илүү үхлийн аюултай, вакцинд дийлддэггүй гэсэн баримт нотолгоо одоогоор байхгүй ч халдварлах чадвар нь 70 хүртэл хувиар илүү гэж Британийн судлаачид мэдээлжээ.

Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок шинэ вирусийн тархалт хяналтаас гарсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Шинэ хувилбар анх есдүгээр сард бүртгэгдэж байжээ. Арваннэгдүгээр сард уг вирус Лондон хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг орчимд илэрч байсан гэнэ.

Харин арванхоёрдугаар сарын дундуур гуравны хоёрт нь илэрсэн байна.

 

Эх сурвалж: BBC