Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Танихгүй хүнтэй хамт сэлфи хийхдээ амны хаалт зүүгээгүй Чилийн ерөнхийлөгч $3,500-аар торгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Чили улсын ерөнхийлөгч Себастян Пинера цар тахлын үеийн дэглэмийг зөрчсөн шалтгаанаар $3,500-тай тэнцэх мөнгөн торгууль хүлээсэн талаар тус улсын эрүүлийг хамгаалах байгууллага Баасан гарагт мэдээлжээ.

Чили улсад коронавирусийн цар тахлын эсрэг хатуу хорио цээрийн дэглэм хэрэгжиж, зөрчсөн тохиолдол их хэмжээтэй мөнгөн торгууль оноох, бүр шоронд хорих хүртэл арга хэмжээ авч байгаа юм.

Пинера далайн эргийн Качагуа хот дахь өргөөнийхөө ойролцоо алхаж яваад нэгэн танихгүй эмэгтэйтэй тааралдсан юм байна. Ерөнхийлөгчөө таньсан эмэгтэй хамт зургаа авхуулахыг хүссэн гэнэ.

Удалгүй тэдний амны хаалтгүйгээр ойрхон зогсож авсан сэлфи Чилийн сошиал сүлжээнд тарсан юм.

Уг зураг тарсны дараа Пинера албан ёсоор олон нийтээс уучлал гуйж байв.

Энэ оны тав, зургаадугаар сард Чилид коронавирусийн халдвар оргилдоо хүрч байсан бол арваннэгдүгээр сараас дахин эрчимжиж эхлээд байгаа.

Тус улсад одоогоор халдварын 581,135 тохиолдол бүртгэгдэж, 16,051 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters