Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төрийн байгууллагуудад нэвтэрсэн томоохон кибер халдлагад Оросын хакеруудыг сэжиглэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эрх баригчид тус улсын төрийн байгууллагууд, томоохон компаниудын сүлжээнд нэвтэрсэн кибер халдлагыг илрүүлээд мөрдөн шалгаж байна.

Оросын тусгай албадын дэмжлэгтэй хакерууд энэ оны гуравдугаар сараас хойш АНУ-ын засгийн газрын зургаан яамны сүлжээнд нэвтрээд мэдэгдэлгүй ажиллаж байсан гэж таамаглаж байгаа юм.

Хэдийгээр нууц мэдээлэл алдагдсан гэх баримт нотолгоо олдоогүй ч хакерууд хэр их хохирол учруулсныг тогтоож чадаагүй байгаа гэнэ.

“Бидний мэдэхгүй байгаа зүйл мэдэж байгаа зүйлээс хамаагүй их байна. Яаж энэ бүхэн болсон, хэр их хохирол учирсныг засгийн газар тогтоож чадна гэдэгт найдаж байна” хэмээн конгрессийн төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны гишүүн Жэми Раскин хаалттай танилцуулгаас гарч ирснийхээ дараа ярьжээ.

Есөн сар орчим хугацаанд үргэлжилсэн халдлагын талаар АНУ-ын эрх баригчид саяхан мэдсэн юм.

Халдлагад өртсөн төрийн байгууллагуудын дотор эрчим хүчний яам, үндэсний цөмийн аюулгүй байдлын захиргаа зэрэг АНУ-ын цөмийн зэвсгийн нөөцийг удирдаж, хянаж байдаг газрууд орсон байна.

Хакерууд эхлээд SolarWinds хэмээх мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг компанийн программд нэвтэрч, үүнийгээ ашиглан цааш бусад байгууллагууд руу нэвтэрснийг тогтоожээ.

Халдлагыг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Майкрософт компанийн мэдээлснээр 40 гаруй төрийн байгууллага, бодлогын хүрээлэн, төрийн бус байгууллага, мэдээллийн технологийн компаниудын сүлжээнд үл мэдэгдэх хакерууд нэвтэрсэн байна.

Бүгд Найрамдах Намын сенатор Митт Ромни хэвлэлд ярихдаа “Энэ бол Оросын бөмбөгдөгч онгоцнууд манай улсын бүх газар нутаг дээгүүр огт мэдэгдэлгүй нисэж өнгөрсөнтэй дүйцэх аюултай үйл явдал. Ийм зүйл болсон байхад Цагаан ордон нам гүм, хариу арга хэмжээ авах тухай ярихгүй байгаа нь намайг маш их гайхшруулж байна” гэж ярьжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэхээс үргэлж зайлсхийдэг Дональд Трамп энэ асуудлаар ямар ч мэдэгдэл хийлгүй, зөвхөн сонгуулийн үр дүнг өөрчлөхийн төлөө тэмцэж байгаа нь олон хүнийг бухимдуулж байгаа юм.

Трампыг удахгүй залгамжлах гэж байгаа Жо Байден “үүрэгт ажилдаа орсон цагаас эхлэн энэ асуудлыг нэн тэргүүнд анхааралдаа авч, зохих арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian