Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэлгэрсайхан: Хил орчмын аялал жуулчлалаар орж ирэх нэг жуулчнаас ойролцоогоор 10-15 мянган юань авч үлдэх боломж бий

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой саналыг гишүүд гаргаж, хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Энэ хуулиар виз олгох журмыг сайжруулж, хяналттай, шуурхай болгохыг зорьж байгаа. Манайхан баруунаас онгоцоор ирдэг европчууд, жуулчны визээр орж ирсэн хятад иргэдийг нийлүүлээд тоолдог. Ингэж тоолоод жилд 300-500 мянган жуулчин ирсэн гэдэг худал тоо гаргаад байдаг.

Гэтэл урдаас орж ирэх жинхэнэ аялал жуулчлал бол хил орчмынх юм. Яагаад гэвэл энэ жуулчид 24 цагийн хугацаатай орж ирдэг. Визээ даруулаад хилээр орж ирээд, хилийн багана дээр зургаа авахуулна, ойр орчмынх нь жуулчны газарт хоол идээд, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг ойр зуурын худалдан авалт хийнэ гэж тооцоход нэг жуулчнаас ойролцоогоор 10-15 мянган юань авч үлдэх боломж бий. Манайхан өөрсдөө хил гараад хамаг мөнгөө тушаадаг, аялал жуулчлал оруулж ирье гэхээр хаалт тавьдаг байж болохгүй. 

Зарим гишүүн бүлэг жуулчид орж ирээд барилга барьж байна гэсэн. Үүн шиг худал зүйл байхгүй. 2016 оноос хойш бүлэг жуулчид болон хил орчмын аялал жуулчлалын хаасан. Түүнээс өмнө нутгийн иргэд хил орчмын аялал жуулчлалаас тодорхой хэмжээний ашиг олдог байсан.   
Эрээнд нутгийн гүнээсээ сая шахам, Ордост гурван сая жуулчин жилдээ очдог. Нэгэнт цаанаас ирсэн хүмүүс хил давсан гэсэн штамб даруулж, монголд оччихоод ирлээ гэж хэлэх сонирхол их байдаг юм байна. Эрээнд ирсэн нэг сая жуулчнаас ядахдаа 100 мянгыг нь ч болтугай оруулж ирээд байвал Замын-Үүд орчмын иргэд, Ханги-Мандалын цаана байдаг дөрвөд хошууны Монгол иргэд орж ирэх боломж бий болох юм. Тиймээс энэ саналыг оруулж ирсэн. Энэ хэмжээгээрээ визийн орлого ч нэмэгдэнэ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: ГХЯ-ны хувьд бүлэг жуулчин, хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэхийг дэмжиж байгаа. Хятадын нутгийн гүнээс хилийн бүсүүддээ ирж байгаа жуулчдыг татахад тулгарч байгаа гол асуудал нь визний асуудал биш юм. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас олгодог хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх гэдэг баримт бичгийг 2017, 2018 онд шинэчилсэн. Энэ үнэмлэхээр хил залгаа бусад орнууд руу богино хугацаагаар аялал жуулчлал хийж байгаа. 

Манай хуулинд энэ үнэмлэхийг хилээр нэвтрэх баримт бичиг буюу гадаад паспортод тооцдоггүй. Тийм учраас 2016 оноос хойш хил орчимд бүлэг жуулчдыг аялуулах Засгийн газар хоорондын гэрээний төслөө хятадын талд өгсөн байгаа. Одоогоор БНХАУ-тай гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцоогүй байна. Энэ асуудал шийдэгдвэл богино хугацаатай аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нээгдэнэ.