Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцан зөвшилцөөгүй бэлгийн хавьтал бүрийг хүчингийн хэрэгт тооцох хууль Дани улсад батлагдлаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Дани улсын парламент хүчингийн гэмт хэрэгт хариуцлага тооцох шинэ хуулийн төслийг баталжээ.

Шинэ хуулийн дагуу харилцан зөвшилцөлгүй үйлдсэн бэлгийн хавьтал бүрийг хүчингийн хэрэгт тооцохоор болсон байна.

Өмнөх хуулиар сэжигтэн хүч хэрэглэснийг, эсвэл хохирогч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсныг шүүхийн өмнө батлан харуулах шаардлагатай байсан юм.

“Одоо бүх зүйл тодорхой боллоо. Хэрвээ хоёр тал ил тодоор харилцан зөвшилцөөгүй л бол хүчингийн хэрэгт тооцно” гэж Дани улсын хууль зүйн сайд Ник Хаккеруп мэдэгджээ.

Үүнтэй ижил хуулийг хөрш Швед улсын парламент 2018 онд баталсны үр дүнд хүчингийн хэргээр шийтгүүлэх хүний тоо 75 хувиар нэмэгдсэн гэдэг.

Данийн хууль зүйн яамны тоо баримтаас харвал жил бүр тус улсад 11,400 орчим эмэгтэй хүчиндүүлдэг, эсвэл хүчиндэх зорилготой халдлагад өртдөг байна.

Эмнести Интернэйшнл байгууллага Дани улсыг зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцдог Европын 12 дахь улс болсныг мэдээлжээ.

Шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэнэ.

 

Эх сурвалж: Reuters