Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн ван улс орон нь цар тахалтай тэмцэхдээ алдаа гаргасныг шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Швед улсын ван XVI Карл Густав өчигдөр шинэ он гарах гэж буйг тохиолдуулан төв телевизийн сувагтаа ярилцлага өгчээ.

Энэ үеэр тэр “Шведийн ард иргэд маш их зовлон үзэж, хүнд нөхцөлд амьдарч байна. Миний бодлоор бид алдаа гаргасан. Маш олон хүн амиа алдсан нь аймшигтай хэрэг” гэж ярьсан байна.

Эрхэм дээдсийн хэлсэн үг эхэндээ тус улсын засгийн газрын “сүргийн дархлаа” тогтоох бодлогыг шүүмжилсэн агуулгатай сонсогдсон юм. Сүүлд вангийн ордноос тодруулга өгөхдөө түүний үгийг “цар тахалд хохирсон бүх хүмүүсийн хойноос харамсаж хэлсэн үг“ хэмээн залруулжээ.

Швед улс нь коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш ганц ч удаа хөл хорио тогтоогоогүй, иргэд нь ердийн үеийнх шигээ ажиллаж амьдарч байснаараа Европын бусад улсуудаас ялгарч байв.

Харин арваннэгдүгээр сараас эхэлсэн тахлын хоёр дахь давалгааны үеэр нас барсан хүний тоо ихээр нэмэгдэж, тус улсын эрүүл мэндийн системийг хямруулаад байгаа юм. 

 
Цар тахал эхэлсэн цагаас хойш Шведэд өдөр бүр нас барсан хүний тоо

Саяхан Шведийн хамгийн том хоёр бүс нутаг болох Стокгольм, Сконегийн захиргаа онц шаардлагагүй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээж авахгүй, эмчилгээг нь хойшлуулахаар болсныг зарлажээ.

Тухайлбал Сконе мужийн эрүүл мэндийн газрын захирал Альф Йонссон “Covid-19-ийн өвчтөнүүдэд анхаарал тавих шаардлагатай байна. Ингэхийн тулд бусад төрлийн өвчтөнүүдийг золиослохоос өөр аргагүй боллоо” гэж Лхагва гарагт ярьсан юм. Түүний хэлснээр Сконе мужид гүйцэтгэсэн бүх оношилгооны 25 гаруй хувь нь эерэг дүнтэй гарч байгаа гэнэ.

Стокгольмын захиргаа Covid-19-өөс бусад хөнгөн өвчтөнүүдийг нэгдүгээр сарын 31 хүртэл эмнэлэгт хүлээж авахгүй болсноо зарлажээ.

Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой Шведийн иргэдийн эрх баригчдадаа итгэх итгэл суларсан байна.

Швед улсын цар тахалтай тэмцэх бодлогын гол архитектор гэгддэг халдварт өвчин судлалын топ мэргэжилтэн Андерс Тегнеллийн нэр хүнд 13 нэгж хувиар унаж 59 хувьд хүрсэн бол тус улсын эрүүл мэндийн системд итгэл олон нийтийн итгэл 68-аас 52 хувьд хүрч буурсныг өчигдөр зарласан Ipsos байгууллагын судалгааны дүн харуулсан байна.

Ерөнхийдөө эрх баригчдад итгэх итгэл 34 хувьд хүрсэн нь хамгийн доод үзүүлэлт болжээ.

Сүүлийн байдлаар Шведэд коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 7,802 хүрээд байна.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 500 гаруй хүн нас барсан бол арваннэгдүгээр сарын эхэн үеэс хойш 1,800 гаруй хүн амиа алджээ.

Тус улсын нэг сая хүн тутамд оногдох нас баралтын тоо 766.2 байгаа нь хөрш Норвеги, Финландынхаас ойролцоогоор 10 дахин өндөр, Даниас тав дахин өндөр байна.

Гэхдээ Франц, Итали, Испани, Их Британи зэрэг Европын бусад орнуудынхаас бага байгаа юм.

Хоёр дахь давалгаа эхэлснээс хойш Шведийн эрх баригчид өмнөх бодлогоо өөрчилж, согтууруулах ундааг оройн 10 цагаас хойш хориглох, 50-аас дээш тооны хүмүүс нэг дор цугларахыг хориглох, сургуулиудын хичээлийг онлайн горимд шилжүүлэх зэрэг хатуу арга хэмжээ авч эхэлжээ.

  

Эх сурвалж: The Guardian