Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгож шинэчлэх шаардлага тулгарсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн (2020.12.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл" -ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харицлцааны сайд Н.Энхтайван танилцууллаа.

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 оны 7 дугаар сарын 18-нд Ром хотноо баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Манай улс ОУЭШ-ийн Ромын дүрмийн үүсгэн байгуулагч улсын нэг бөгөөд дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 4 дүгээр сарын 5-нд соёрхон баталснаар тус байгууллагын гишүүн болжээ.

ОУЭШ-ийн Ромын дүрмийг баталж хүчин төгөлдөр болсны дараа НҮБ-аас уг байгууллагын дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг 2002 оны есдүгээр сарын 9-ний өдөр Нью-Йорк хотод хэлэлцэн баталсан агаад хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар 78 улс соёрхон батлаад байгаа аж.

Хэлэлцээр нь нийт 39 зүйлтэй бөгөөд гол агуулга нь оролцогч улсуудын нутаг дэвсгэрт ОУЭШ-ээс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай дархан эрх болон эрх ямба олгох бөгөөд ОУЭШ-ийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан дархан эрх болон эрх ямбыг илүү дэлгэрүүлэн тайлбарласны зэрэгцээ ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын хувьд оролцогч улсын хүлээх үүрэг, хариуцлага, маргаан гарах тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлт, хүчин төгөлдөр болох нөхцөл зэрэг заалтыг нарийвчлан тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
 
Зургийг УИХ-ын ХМОНХХ-ээс авав

ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2003 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар зөвшилцөж, мөн оны 2 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийг соёрхон баталснаар ОУЭШ, НҮБ-ын зүгээс тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлийг 2016 онд хэлэлцээд гаргасан зөвлөмжийн 108-д “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд үндэсний хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэх, ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг батлах" гэж заасан байна. Манай улс ОУЭШ-ийн дүрмийг соёрхон баталснаар тус шүүхийн дархан эрх болон эрх ямбыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг дүрмийн 48 дугаар зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувийн саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх ба эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталлаа.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчилсэн найруулгаар зохицуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 онд нийт 6 бүлэг, 29 зүйлтэйгээр баталж, хөрөнгийн үнэлгээний харилцааг зохицуулсан. Хууль хэрэгжээд 8 жил өнгөрсөн ч хуулийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үнэлгээний асуудлыг хөндсөн бусад хуулиудын хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эсхүл зохицуулалт дутуугаас хэрэгжих боломжгүй олон заалтуудыг залруулах, хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хөрөнгийн үнэлгээний харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, олон улсын бизнесийн харилцаан дахь оролцоо эрс өөрчлөгдсөнийг хөрөнгийн үнэлгээний одоогийн хууль тогтоомж бүрэн зохицуулах боломжгүй байгаа тул эдийн засгийн хөгжил, бизнесийн орчин, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэх, өмнөх туршлагад тулгуурлан хуулийн төслийг нэг мөр, ойлгомжтой, хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгож шинэчлэх шаардлага тулгарсан байна.

Иймээс хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг хийдэл, давхардлыг арилгах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

 
Зургийг УИХ-ын ХМОНХХ-ээс авав

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавих шалгуур, шаардлагыг тодорхой зааж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх; мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд шинэчлэн тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж, шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж ажиллуулах; хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, үнэлгээний олон улсын стандартын дагуу зарим тодорхойлолт, ойлголтыг шинэчлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, зохицуулалтыг боловсронгуй болгохоор шинэчлэн найруулсан гэдгийг хууль санаачлагч дурдав.

Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор ФАТФ-аас өгсөн зөвлөмжид хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэл өгсөн, төрийн өмчийн компаниудын газар, машин тэрэг гэх зэрэг өмчийг үнэлэх хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хөрөнгөө үнэлүүлэгчийн эрх ашиг болон өмчийн эрхийг хамгаалах, хувь хүний хөрөнгийг шударгаар үнэлэх, хамгаалах тал дээр анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхпан уг хуулийн төсөл нь хөрөнгийн эргэлт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн зах зээлийг хамгаалсан, дэмжсэн төсөл болсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний харилцаанд оролцогч үйлчлүүлэгч, үнэлгээчин, хэрэглэгч талуудын эрх ашгийг тэнцүү хамгаалсан хууль байх ёстой, энэ чигээрээ батлагдвал эдийн засгийн олон салбарын эрх ашиг хөндөгдөх тул ажлын хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.

 
Зургийг УИХ-ын ХМОНХХ-ээс авав

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан, Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд энэ хууль нь хөрөнгийн үнэлгээний шударга бус тогтолцоог өөрчилсөн, өмчийн эзний эрх ашгийг хамгаалсан, өмчөө үнэн зөв үнэлүүлж чаддаг, бизнесийн орчныг хамгаалахад чиглэсэн хууль байгаасай гэж үзэж байна, иймээс ажил хэрэгч хандаж ажлын хэсэг гарган нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.