Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост анх удаа хөл хорио тогтоох магадлалтай болсноос дэлгүүрүүдийн ачаалал нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цар тахал эхэлсэн цагаас хойш ганц ч удаа хөл хорионы дэглэм тогтоолгүйгээр коронавирусийн тархалттай тэмцэж чадсан хэмээн Өмнөд Солонгос улс дэлхийд гайхагдаж байв.

Тэгвэл тус улсад дэгдсэн цар тахлын гурав дахь давалгааг дарахын тулд хөл хорионы хатуу дэглэм зарлах магадлал өндөр болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 1,014 хүн шинээр халдвар авсан бол 22 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдөрт хамгийн олон хүн эндсэн тохиолдол болсон байна. Уржигдар 1,078 хүн халдвар авсан нь мөн нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Вирусийн тархалтыг бууруулж чадахгүй байгаа тул эрх баригчид хөл хорионы хатуу дэглэм тогтоох гэж байна гэсэн яриа хүмүүсийн дунд тарсны улмаас Сөүлийн оршин суугчид хүнс, өргөн хэрэглээний бараа их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгджээ.

Зарим хүмүүс үсчний газрууд хаагдаж болзошгүй сургаар үсээ ердийн үеийнхээс богино засуулж эхэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр мэдэгдэл гаргаж, бараа их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүйг иргэдэд сануулжээ. “Ямар ч тохиолдолд бүх дэлгүүр, супермаркетууд хаагдаж, барааны хангамж тасалдах нөхцөл байдалд хүрэхгүйг анхааруулж байна” хэмээн Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн ахлах мэргэжилтэн Ли Сан Вон өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Сүүлийн 24 цагийн дотор нийслэл Сөүл хотод халдварын 423 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Хүн амынх нь бараг тал хувь буюу 26 сая хүн төвлөрч амьдардаг Сөүл орчимд өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний гуравхан ор сул үлдээд байгааг эрх баригчид мэдээлжээ. Ор хүрэлцэхгүй болсон тохиолдолд түр эмнэлгийн зориулалтаар ашиглах ачааны чингэлгүүдийг долоо хоногийн өмнөөс нийслэл даяар суурилуулж эхэлсэн юм.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар нийт 46,453 халдварын тохиолдол бүртгэгдэж, 643 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters