Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сансрын хөлөг сарны хөрснөөс авсан дээжээ дэлхийд амжилттай газардууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хятадын Chang’e-5 сансрын хөлөг сарны хөрснөөс авсан дээжээ өнгөрсөн шөнө Өвөр Монголын талд амжилттай газардуулжээ.

Хамгийн сүүлд 40 гаруй жилийн өмнө АНУ, ЗХУ-ын сансрын хөлгүүд сарны чулууг дэлхийд авчирч байсан түүхтэй.

Chang’e-5 хөлөг арваннэгдүгээр сарын сүүлээр дэлхийгээс хөөрч байв. Хөлөг сарны тойрог замд орсныхоо дараа газардагч станцыг дэлхийн дагуул дээр буулгасан юм. 

Уг станц нь сарны хөрсийг өрөмдөж, дээж цуглуулсныгаа хөөрөгч станцад тээвэрлэн Chang’e-5 хөлөгт буцааж хүргэжээ.

Сарнаас хэр хэмжээний дээж авчирсныг мэдээлээгүй байгаа ч 2-4 кг орчим хэмжээтэй гэж судлаачид таамаглаж байна. 

Өнгөрсөн хугацаанд Америк, Зөвлөлтийн хөлгүүд нийтдээ 400 орчим килограмм хэмжээтэй дээжийг сарнаас дэлхийд авчирсан гэдэг. Гэхдээ тэдний цуглуулсан материал нь гурван тэрбумаас дээш жилийн настай буюу маш эртнийх юм.

Харин Хятадын хөлөг Mons Rumker гэгддэг сарны галт уулын бүсээс дээж авсан тул цуглуулсан материал нь харьцангуй залуу буюу 1.2-1.3 тэрбум жилийн настай гэж судлаачид үзэж байна. Тиймээс сарны дотоод бүтцийн тухай шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан олон зүйлийг судалж нээх боломжтой болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC