Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгох Засгийн газрын тогтоол батлагдлаа

ikon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ковид-19 цар тахлын хажуугаар амьдрал үргэлжилж арванхоёрдугаар сар гарч Монголчууд бидний хэлдгээр хүйтний эрч наашилсны дохио болсон ес эхлэх дөхөж байна. Ес эхлэх нь малчдын аж амьдралын хувьд жилийн хамгийн хүнд цаг үеийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Энэ сарын 1-нд УИХ-ын дарга аймгуудын ИТХ-ын дарга нартай уулзалт хийсэн билээ.

Тус цахим уулзалтын үеэр нийт нутгийн 70-аас дээш хувьд 5-30 см цасан бүрхүүл тогтож, цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа талаар мэдэгдэж ялангуяа Баянхонгор аймаг 80% буюу хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Тиймээс тус аймгийн малчидтай шуурхай цахим уулзалт зохион байгуулсны маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 2-нд Баянхонгор аймгийн сумдын удирдлагуудтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хамтаар мөн цахимаар уулзаж тус яаманд чиглэл өгсөн.

Энэ чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагдлаа.

Тус тогтоолд дараах аймгуудад нийт 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг улсын нөөцөөс үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор тусгагдсан байна. Үүнд:

  • Архангай
  • Баянхонгор
  • Баян-Өлгий
  • Завхан
  • Увс
  • Говь-Алтай
  • Говьсүмбэр
  • Дархан-Уул
  • Дундговь
  • Дорноговь
  • Дорнод
  • Хэнтий
  • Өвөрхангай
  • Өмнөговь
  • Төв
  • Ховд аймагт тус тус эрсдэлийн үнэлгээг харгалзан, хуваарийн дагуу улсын нөөцөөс өвс, тэжээл олгохоор болсон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.