Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Америк ахмад дайчин дэлхийн хоёрдугаар дайны үеэр буудах шахсан хүүхдүүдтэйгээ 76 жилийн дараа уулзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Мартин Адлер ах дүү гурвын хамт

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Итали орныг Германы нацистуудаас чөлөөлж явсан АНУ-ын ахмад дайчин Мартин Адлерт саяхан нэгэн онцгой явдал тохиолджээ.

Одоо 96 настай ахмад дайчин 1944 оны аравдугаар сард Апениний уулсын дунд орших Монтерензо тосгоныг чөлөөлөх үеэр бага насны гурван хүүхэдтэй санамсаргүй тааралдсан юм байна.

Адлер нэг салааны цэрэг Жон Бронскийн хамт тосгоны нэгэн эзгүй байшинд ороход том сагсан дотроос чимээ гарчээ. Герман цэрэг нуугдаж байж болзошгүй гэж бодсон Мартин Адлер сагс руу буудах гэтэл нуугдаж байсан эмэгтэй үсрэн гарч ирээд “Битгий бууд! Тэнд хүүхдүүд байгаа” гэж хашхирсан байна.

Үнэхээр сагсан дотроос 3-6 настай ах дүү гурван хүүхэд гарч иржээ.

Дараа нь Адлер гурван хүүхэдтэй хамт дурсгалын зураг авхуулахаар болж ээж нь хүүхдүүддээ хамгийн сайн хувцсыг нь өмсгөсөн байна.

76 жилийн дараа Флоридад амьдарч буй Мартин Адлер зураг дээрх хүүхдүүд амьд сэрүүн байгаа бол уулзах хүсэлтэйгээ өөрийн охин Рачельд хэлжээ.

Охин нь гэрэл зургийг Италид байлдаж явсан Америк, Канад ахмад дайчдын фэйсбүүк хуудсанд нийтэлж, тэднийг мэдэх хүн байвал холбогдохыг хүссэн байна. Энэ зарыг дэлхийн хоёрдугаар дайны сэдвээр бичдэг зохиолч, сэтгүүлч Маттео Инчерти олж хараад Италийн хэвлэлүүдэд мэдээлжээ.

Рачель зарлалдаа “Дайны үеэр санамсаргүй буудах гэж байсан хүүхдүүдтэй нь аавыгаа уулзуулж, зул сарын бэлэг барих гэсэн юм. Бурхны авралаар Бронский тэр хоёр одоо эрүүл саруул байгаа” гэж бичсэн байна.

Удалгүй хүүхдүүдийн ахмад нь болох Бруно зураг дээрээс өөрийгөө таниад Инчертитэй холбогджээ. Одоо 79-83 настай Бруно, Мафальда, Жулиана нарыг энэ долоо хоногийн Даваа гарагт Мартин Адлертай видео холбоогоор уулзуулсан байна.

 
Бруно, Мафальда, Жулиана нар Маттео Инчертигийн хамт

Сэтгэл нь хөдөлсөн Адлер коронавирусийн цар тахал дууссаны дараа тэдэнтэй биечлэн уулзахаар Италид очихоо амлажээ.

Ах дүү гурав 1953 оноос хойш умард Италийн Болонья хотын ойролцоох Кастель Сан Петро сууринд амьдарч байгаа юм байна.

 

Эх сурвалж: The Guardian