Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны есдүгээр сарын 1-нээс ясли ажиллуулж, 1-2 настай хүүхэд хамруулахыг зөвшөөрөв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэр /2020.12.16/-

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 ба түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрчээ. 

Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.

Анги бүлгийг тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн байна.

2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.

2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал ажиллаж байна. Хүүхдийн клиник сувилалд 1.8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлдэг хэмээн Засгийн газрын ХМХХ-ээс мэдээлэв.