Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зах зээлийн эрэлт өндөр байгаагаас Apple компани iPhone-ий үйлдвэрлэлээ 30 хувь нэмэгдүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Apple ирэх оны нэгдүгээр хагаст 96 сая iPhone үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг тус компанийн Ази дахь гол бэлтгэн нийлүүлэгчийн эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн юм. Аравдугаар сард зах зээлд танилцуулсан 5G технологитой iPhone-ий зах зээлийн эрэлт өндөр байгаагаас ийм шийдвэр гаргасан байна.

2021 оны нэгдүгээр хагаст үйлдвэрлэгдэх гар утаснуудад шинэ iPhone 12 загваруудаас гадна хуучин iPhone 11, iPhone SE загварууд багтаж байгааг эх сурвалж мэдээлжээ.

“Ирэх оны нэг, хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс ирээдүй нэлээд гэрэлтэй харагдаж байгаа. iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудын эрэлт зах зээлд маш өндөр байгаа бол iPhone 12-ын эрэлт төсөөлсөн хэмжээнд байна. Харин iPhone 12 mini загварын эрэлт сул байгаа” гэж Apple-ийн бэлтгэн нийлүүлэгч компанийн албан тушаалтан Никкей сонины сурвалжлагчтай уулзахдаа ярьсан байна.

iPhone загварын гар утасны борлуулалт 2018, 2019 онуудад дараалан буурч байсан бол энэ онд гаргасан 5G технологитой шинэ загвар нь зах зээлд нэлээд эрэлттэй байгаа юм.

Apple компани 2021 онд нийтдээ 231.5 сая iPhone үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь борлуулалт сайн байсан 2015 оны хэмжээтэй дүйцэж байгаа ажээ.

Дээрх мэдээг тарсны дараа өчигдөр Нью Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны үеэр Apple компанийн хувьцааны үнэ ханш 5 орчим хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: Nikkei