Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Б.Навчаагийн мэдэгдэл ба хууль зүйн сайд Х.Нямбаатарын тайлбар

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан жүжигчин Б.Навчааг яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаар тэрбээр цахим хуудастаа нийтэлсэн.

Жүжигчин Б.Навчаа 2020 оны дөрөвдүгээр сард "Х.Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яагаад 14-16 насны охинд бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ?" хэмээн бичжээ. 

 

Үүний дараа түүнийг яллагдагчаар татсан талаар "Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Х.Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй" гээд дараах зургийг өөрийн цахим хуудаст оруулжээ. 

 
Зургийг Navchaa Navchaa фэйсбүүк хуудсаас авав

Мөн Б.Навчаа "За уучлаарай сэтгүүлчид минь, би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь хууль зүйн сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа болно шүү. Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан" гэжээ. 

 

Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудастаа өөрийг нь гүтгэсэн гэх асуудалд тайлбар өгсөн байна. 

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой олон гүтгэлэг явж байна. Үүний нэг нь 14-16 насны охинтой бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн этгээд гэдэг гүтгэлэг. Миний гарт 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн эмхэтгэл байна. 12.5, 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 122-р зүйл гээд харьцуулсан судалгаа миний гар дээр байна. Өөрөөр хэлбэл 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд тохиролцож орох гэдэг гэмт хэрэг бол 1926 оноос хойш үе үеийн Эрүүгийн хуульд хуульчлагдаж ирсэн заалт.

Өмнөх хуулиуд батлагдах үед би хууль тогтоогчоор ажиллаж байгаагүй. Үүнтэй холбоотойгоор миний нэр төр алдар хүндийг гутаах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар СХД-ийн 27-р тойрогт надтай өрсөлдсөн нэр дэвшигчид энэ гүтгэлгийг зохион байгуулалттайгаар явуулсан. Энэ ажлыг гардаж гүйцэтгэсэн хүн нь хэвлэл мэдээллээр хэлмэгдчихлээ гэж ярьж байгаа жүжигчин Навчаа.

Би өөрөө эцэг хүн. Охин хүүхдүүдтэй. Охин хүүхэдтэй эцгийг 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог хүчиндэгч гэж ингэж гүтгэх аавуудад яаж буух вэ? Энэ утгаараа миний сонгуулийн кампанит ажилд ажиллаж байсан хуульчид жүжигчин Навчаа тэргүүтэй гүтгэлгийг тараасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Өнөөдөр прокурорын шатанд явж байгаа гэсэн мэдээллийг өнөөдөр авсан. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Огт оролцоогүй, санаачлаагүй хуулиар гэр бүл рүү дайрч байгаа гүтгэлэгт цэг тавих ёстой гэдэг үүднээс өнгөрсөн зургаадугаар сард манай хуульчид өргөдлийг өгсөн.

Монгол Улсын хууль зүйн бодлого бүх хүнд адил тэгш үйлчлэх учиртай

Намайг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хууль батлуулах гэж байна гэсэн гүтгэлэг гарч байна. Сүүлийн үед хүн болгон хэвлэн нийтлэгч болсон. Энэ бүхний золиосыг олон хүн амсаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил сошиал гадуурхалтаас болж долоон хүүхэд өөрийгөө боомилж нас барсан.

Би хууль зүйн сайдын хувьд Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлолцож, батлуулах үүрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар баталгаажуулахаар бид ажиллаж байгаа. Энэ хууль одоогоос хоёр жил гаруйн өмнө боловсруулагдсан. Бүх хүн хэвлэн нийтлэгч байх эрхтэй. Дундаасаа хэвлэлийн зөвлөлийг байгуулъя. Энэ зөвлөл нь бусдын гомдлыг барагдуулах үүрэгтэй. Хэрвээ уг шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд гомдогч хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргаж байя гэдэг л зүйл.

Монгол Улсын хууль зүйн бодлого бүх хүнд адил тэгш үйлчлэх учиртай. 2002 онд гаалийн байцаагч эмэгтэй бусдын худал мэдээллийн золиос болж нөхөртөө зодуулж нас барж байсан. Энэ мэдээллийг сэтгүүлд нийтэлсэн сэтгүүлч мөн хуулийн хариуцлага хүлээж байсан. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахуйц мэдээлэл түгээвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг заалт Эрүүгийн хуульд оруулах гэж байгаа. Уг заалтыг Хэвлэлийн эрх чөлөөний хуульд дагалдуулж оруулахаар ажиллаж байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн бас нэг зорилго бол хуурамч хаягнаас илт худал мэдээллийг түгээж, бусдыг гутаан доромжилдог, гадуурхал бий болгох үйлдлийг таслан зогсооход оршино" гэжээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=434650327941589