Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Тлейхан: Эрчим хүчний ачаалал хэт ихэсвэл хэсэгчилсэн байдлаар түр хугацаанд хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрнэ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний хэрэглээний цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултуудыг өглөө. 

- Шийдвэр гарснаас хойш ачаалал өсөж байна. хэр зэрэг өсөж байгааг хэлнэ үү?

- Шийдвэр гарснаас хойш ачаалал гэнэт өсөж 18%-аар нэмэгдсэн. Энэ нь хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотой. Цаашид ч хэрэглээ өснө гэж бид үзэж байгаа. Хэрэв эрс өсөөд байвал эрчим хүчний салбарт эрсдэл үүсэх аюултай. Эрчим хүчний тоног төхөөрөмжүүд бүгд өөрийн тооцсон хүчин чадалтай тул тэрийгээ давбал тоног төхөөрөмж сааталд орж, автомат тасалдал үүснэ. 

Их ачаалал 17:00-21:00 цагийн хооронд болсон бөгөөд өчигдрийн байдлаар 1,300 МВт хүрсэн. ОХУ-оос импортоор 245 мянган МВт аваад дотоодын бүх үйлдвэрлэл явахад арай гэж хангасан. Энэ сарын 15 буюу өнөө өглөө 11:00 цагийн үед ачаалал 1,150 МВТ хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 100 МВт-аар илүү байлаа. Үүнээс харахад хэрэглээ эрс ихсэж байгаа нь мэдэгдэж байна.

Тиймээс хэрэглэгчид хэрэглээн дээрээ онцгой анхаарах шаардлагатай байна.

- Өмнөх сарын төлбөрөөс хэрэглээ давсан тохиолдолд зөрүүг нь иргэд төлөх тухай асуудал журамд тусгагдахаар яригдаж байгаа юу. Зохицуулах  журам бэлэн болсон болов уу?

- Тийм яриа бий. Гэхдээ аль болох техникийн боломж хүчин чадал нь байвал хангаад явна. Яамнаас хэрэглээг зөв зохицуулах журам гарна. Журам эцэслэгдэж батлагдаагүй байна.

- Хэрэглээ хэтэрсэн газруудад ямар ажил хийгдэж байгаа вэ?

- Улаанбаатарын бүх шугамуудаа хэмжүүртэй болгосон. Хэрэглээг нь байнга хянаад хэтэрч байна, тасарч болзошгүй тул хэрэглээгээ хязгаарлаарай гэдгийг хэлж байгаа. Бидний үүрэг тэр. Ганц хоёр трансформатор дээр жижиг гэмтэл гарсан. Энэ нь ачаалал хэтрээд буудсан асуудал биш. Аль болох системээ аврах, бүрэн зогсоохгүй байхаар ажиллана. Бүр болохгүй бол тасална гэсэн тооцооллуудыг хийж байгаа. Гэхдээ бүгд харанхуй болох вий гэж айх хэрэггүй.

Иргэд үнэгүй юм гэж бодоод илүү хэрэглээ битгий гаргаарай гэж хүсье. 

-  Цахилгааны хэрэглээ огцом өссөнөөс болоод зарим аймагт цагийн хязгаарлалт хийсэн гэж байна. Энэ үнэн үү?

- Өчигдөр бага хугацаагаар зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн. Хүчин чадал хүрэхгүй, их ачаалалтай байгаад ирвэл хэсэгчилсэн байдлаар түр хугацаанд хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрнэ. Аль болох ахуйн хэрэглээг бус томоохон үйлдвэрүүдийг ээлжээр ажиллах зохион байгуулалттайгаар тооцсон. Хязгаарлалтад орохгүйн тул илүү хэрэглээ битгий гарга гэдэг нь ийм учиртай.

- 650 тэрбум төгрөгөөс төлбөр илүү гарвал Эрдэнэт үйлдвэр төлөх үү?

- 650 тэрбум гэдэг нь урьдчилсан тооцоо. Үүнээс илүү гарах тохиолдолд хэрэглээнээс нь хамаараад төр төлж таарах байх.

ВИДЕО: 

https://www.facebook.com/ubedn/videos/1854023294761791