Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: Цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даахад "Эрдэнэт үйлдвэр"-ийн төлөх мөнгөн дүн хязгааргүй биш юм

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үеийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор төрөөс долоон сарын хугацаанд өрхүүд болон зарим АА-ийн хэрэглээний ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрийг даахаар болж буй Засгийн газар танилцуулсан.

Энэхүү хөтөлбөрийг төрийн өмчит уул уурхайн компаниуд хариуцахаар болсон. Уг шийдвэрийн талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн байр суурийг хүргэж байна. 

-Төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн санхүүжилтээр 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг тэглэхээр болсон. Эдийн засаг хүндхэн нөхцөлд байгаа энэ үед уул уурхайн салбарт ирж буй энэхүү ачааллыг салбарын сайдын хувьд юу гэж харж байна вэ?

-Засгийн газар энэ шийдвэрийг гаргахад мэдээж хэрэг амар байгаагүй. Үүний тулд холбогдох яамдыг үүрэгжүүлж, хийсэн тооцоо судалгаан дээр нь нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн. Тухайн хоёр компани нь 2020-2024 онд уурхай, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, техник технологийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг ахиулах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байгаа. Өөрсдийн үйл ажиллагаанаасаа олох багагүй хэмжээний хөрөнгийг дээрх төсөл, арга хэмжээнд зориулахаар төлөвлөсөн байсан.

Тэгэхээр цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь аж ахуйн нэгж, ард иргэдэд чиглэсэн дэмжлэг үзүүлэхийн тулд бүтээн байгуулалтын зарим төсөл хөтөлбөр, арга хэмжээг эрэмбэлж, шаардлагатай зохицуулалтыг хийх хэрэгтэй болж байна. Цар тахалтай, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гадна салбарын бусад компани ч гэсэн ажлын байраа хэвээр хадгалж, улс, орон нутгийн төсвийн орлогыг тасалдуулахгүйн төлөө чармайж ажиллаж байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

-Засгийн газрын энэ шийдвэр богино хугацаанд гарлаа. Төрийн өмчит компаниуд учир шийдвэр ингэж шуурхай гарсан байх, тийм үү?

-Мэдээж “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК хоёулаа төрийн өмчит компани учраас ард иргэд рүүгээ чиглэсэн ийм шийдвэр гаргахад хувьцаа эзэмшигчид, ТУЗ болон компаниудын удирдлагын хооронд нэгдсэн ойлголтод хүрэхэд илүү дөхөм байсан.

Энэ хоёр компани сүүлийн 3-4 жилд тогтвортой, ашигтай ажиллаж байгаа бөгөөд улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлого, ашигт ажиллагааны түвшин нь нэмэгдсээр байгаа. Салбарын хувийн хэвшлийн компаниуд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр тодорхой санал санаачилга гаргах, хувь нэмэр оруулах нь нээлттэй бөгөөд боломжтой гэж харж байна.

-Компаниудын хувьд тус хөрөнгийг нөөц хөрөнгөнөөсөө гаргана гэсэн. Үүнийг компаниуд ашигт ажиллагаагаараа санхүүжүүлж байгаа юу?

-Энэ хоёр компани улс болон орон нутгийн төсөвт ихээхэн хэмжээний орлогыг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төвлөрүүлж байгаа.

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны үр дүнгээр 962 тэрбум төгрөг,
  • “Эрдэнэс тавантолгой” ХК 2019 онд 736 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн.

Үүнээс гадна, үйл ажиллагааныхаа явцад олсон ашгаас төрийн эзэмшлийн хувь хэмжээнд оногдох ногдол ашгийг бас улсад төлдөг.

Үлдсэн ашгаасаа компанийн үйл ажиллагааны хэтийн төлөв, хөгжлийн цогц төлөвлөгөөний дагуу техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтад зарцуулах эрх, боломжийг ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх удирдлагад олгодог. Тэгэхээр энэ 2 компанийн ашигтай ажиллаж байгаа нь нэг талаас, гүйцэтгэх удирдлага зөв менежмент явуулж, өртөг зардлаа бууруулан ажилласны үр дүн мөн. Нөгөө талаас ашигт малтмалын үнэ олон улсын зах зээл дээр харьцангуй тогтвортой байсантай холбоотой. Үүний үр дүнд өмнө нь үүссэн өр төлбөрийг барагдуулснаас гадна улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ эрс нэмэгдэж, компанийн хуримтлагдсан ашгийн хэмжээ ч бас дагаад өссөн гэсэн үг.

-Төлөвлөөгүй, гэнэтийн санхүүжилт учир ирэх онуудад хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх үү?

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг компаниуд өөрийн үйл ажиллагааны үр дүнд олох хөрөнгөөр, зээлээр, бүтээгдэхүүн урьдчилан борлуулах гэрээ зэрэг төрөл бүрийн нөхцөлөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Нэгэнт ийм нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл тулгарч байгаа тул зарим төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжих эрэмбэ дарааллыг тогтоож, түр хугацаагаар хойшлуулах дүр зурагтай байгаа ч чухал ач холбогдолтой төслүүдийн санхүүжилтийн нөхцөл байдлыг дахин эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд Засгийн газрын чухал шийдвэр гарсны маргааш буюу 1 дэх өдрийн өглөө хоёр компанийн гүйцэтгэх захиралтай уулзаж энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, цаашдаа компанийн санхүүгийн мөнгөн урсгалд үзүүлж буй нөлөөллийг илүү тодорхой болгох, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон төслүүдийн хэрэгжилт, явцад аль болох бага сөрөг нөлөөлөл үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллах чиглэлийг өгсөн.

-Засгийн газрын шийдвэрийн үеэр танилцуулснаар "Эрдэнэт үйлдвэр" цахилгааны хэрэглээг тэглэж байгаатай холбоотой 650 тэрбум төгрөгийг компанийн хөрөнгөө гаргана гэсэн. Гэвч шийдвэр гарсны дараах хоёр өдөрт цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, зарим орон нутагт хязгаарлах шийдвэрүүд гараад эхэллээ. Хэрэв хэрэглээ ийнхүү Засгийн газрын тооцоолсноос илүү нэмэгдвэл зөрүү мөнгийг яаж шийдэх вэ? Эсвэл "Эрдэнэт үйлдвэр" гарсан бүх зардлыг төлнө гэсэн үг үү?

-Түрүүн дурдсанчлан, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох яамд тооцоо судалгаа хийхдээ айл өрх бүр, аж ахуйн нэгжүүдийн сарын дундаж хэрэглээний статистик үзүүлэлтийг суурь болгож авсан.

Энд дурдахад, өөрийн тань хэлсэн мөнгөн дүнд цахилгаанаас гадна дулаан, ус, хогны мөнгө бас орж байгаа. Зарим аж ахуйн нэгж дээр нэмээд уурыг бас чөлөөлж байгаа. Тэгэхээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн төлөх мөнгөн дүн бол хязгааргүй биш юм.

Хэрэглээ огцом өсвөл эх үүсвэрийн чадлын дутагдалд орох, хүндрэл гарах магадлалтай. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд маань хэрэглээгээ энгийн буюу зохистой хэмжээнд байлгаж, Засгийн газраас иргэддээ олгосон боломжийг зөвөөр ашиглах хэрэгтэй.

-Саяхан иргэд хувьцааны ногдол ашиг хэлбэрээр байгалийн баялгаас хүртсэн. Харин энэ удаад мөн л уур уухайн салбар иргэдийн нуруун дээрх ачааг бодитоор хөнгөлж байна. Салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна.

Уул уурхайн салбарын нийгэм эдийн засагт оруулдаг бодит үр дүн, өгөөж, эерэг нөлөөлөл нь өнөөдрийн энэ үйл явдлаар эхэлж байгаа зүйл биш шүү дээ. Уул уурхай гэдэг үгний цаана би геологи, уул ууурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбараа бүхэлд нь хэлж байна. Социалист нийгмийн бүтээн байгуулалтын он жилүүдэд ч, шилжилтийн үеийн хүнд бэрх цаг үед ч, зах зээлийн эдийн засгийг баримжаалж буй өнөөдөр ч манай улсын эдийн засгийн үндсэн тулгуур, зүтгүүр салбар бол уул уурхайн салбар байсаар ирсэн. Ойрын 20-30 жилд ч тийм байх дүр зураг харагдаж байгаа.

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэн маань өдөр тутам, үргэлж хүртсээр ирсэн. Магадгүй, шууд бусаар ч юм уу. Харин энэ удаагийн шийдвэр бол айл өрх, аж ахуйн нэгжүүд, ард иргэддээ шууд хүрсэн, нөлөөлсөн, айл бүрийн тооноор, цонхоор, хаалгаар орж хүрсэн шийдвэр байлаа. Цаашдаа уул уурхайн салбарын талаарх иргэдийн дундах ойлголт илүү бодитой, шинжлэх ухаан, баримтад суурилсан, илүү эерэг болно гэж найдаж байна.

Цар тахлын нөхцөл байдалд салбарынхан маань маш сайн чармайж ажилласны үр дүнд оны 2-р хагаст уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөж, чамгүй амжилтад хүрлээ. Бүр онцолвол, ажлын фронт дээрээ “зогсох эрхгүй” ажиллаж, хөдөлмөрлөж байгаа уурхайчид маань өөрт оногдсон үүрэг даалгавар, нарядаа үг дуугүй гүйцэтгэхийн зэрэгцээ, халдваргүйжүүлэлт, хамгаалалт, хорио цээрийн дэглэмээ нарийн чанд сахин биелүүлж байсны хүчинд өнөөдөр салбарын маань 57000 орчим ажилтан, албан хаагчдын дунд Ковид-19-ийн тохиолдол гараагүй байна. Уул уурхайн салбар маань сахилга, зохион байгуулалтын хувьд онцгой объект байдаг тул мэргэжил нэгт уурхайчид маань асуудалд тэсвэр тэвчээртэй хандаж, ээлж солих хугацааг хойшлуулсан УОК-ийн шийдвэрийг биелүүлж ажилласанд хувиасаа талархал илэрхийлэхийг хүсэж байна.

Салбарын ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. 2020 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн. Манай салбарын талаар буруу ойлголт, зөрүүтэй мэдээлэл нэлээд байдаг. Төр засаг, орон нутгийн ард иргэд, хөрөнгө оруулагчдын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, томоохон төслийг хэрэгжүүлэхэд бүх оролцогч талууд адилхан дэмжлэг үзүүлээд явбал аль ч талдаа хэрэгтэй. Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих шилжилтийн үед ирээд байна. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл эдийн засаг, нийгмийн үр өгөөж нь илүү их байх болно.