Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батчулуун: Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай байж сурах цаг ирж байна

Б.Янжмаа, Өдрийн сонин
2020 оны 12 сарын 15
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Философич Б.Батчулуунтай ярилцлаа.

-Сүүлд та гадагшаа явах гэж байгаа гэж ярьсан. Хөл хорионоос өмнө амжсан уу?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард гадагшаа явж ирээд арав хонож байсан чинь хил хаагдаад, амжиж орж ирсэндээ баярлаад сууж байсан даа.

-Засгийн газраас цахилгаан, дулаан, усны үнийг даах болсноо мэдэгдлээ. Олонх нь баяртай хүлээж аваад, төр засагтаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Харин либертариуд яаж хүлээж авсан нь сонин байна?

-Төрийн мөнгө гэдэг явж явж бидний халааснаас гарсан мөнгө шүү дээ.

Татвараар дамжиж төрд очсон тэр мөнгийг үр ашиггүй юманд зарцуулж байхын оронд ийм зүйлд зориулж байгаа нь сайн хэрэг. Хүмүүсээс авсан мөнгөө эргээд хүмүүст нь зарцуулж байгаа гэдэг утгаараа болж байна.

Энэ завсар бас огт төрдөө юм өгдөггүй, дандаа хэрэглэж, халамжаар амьдардаг улсуудын амьдралын хэв маягийг нь улам гааруулж байгаа гэсэн утгаараа онцгүй л санагдаад байна.

Үнэгүй хоол гэж байхгүй гэдэг шүү дээ. Хэн нэгэн нь заавал төлбөрийг нь хийдэг. Хэн нэгний хөдөлмөрийн үр дүнд цахилгаан бий болж байгаа. Тэрийг тарааж байгаа гэсэн утгаараа бол онцгүй л санагдаад байгаа юм. Ковидтой холбож хэлэхэд энэ миний бие, эрүүл мэнд гэдгийг ухамсартай ойлгосон хүмүүс бол төр хэлсэн хэлээгүй өөрийгөө хянаад явах бололцоотой.

Энэ бол ханиад, ханиад дотроо хүнд хэлбэрийн ханиад юм аа даа, янз нь. Миний бие, эрүүл мэнд гэдгийг ойлгосон хүмүүс ухамсартай хандаад, өөрөө өөрийгөө хянаад явж болох зүйлийг ЭМЯ, төр засгаас яриад, сануулаад байна шүү дээ.

Үнэгүй хоол гэж байхгүй гэдэг шүү дээ. Хэн нэгэн нь заавал төлбөрийг нь хийдэг.

Хянамгай улсуудад бол мэдээжийн юмыг л хэлээд байгаа хэрэг. Хүнд хэлбэрийн ханиад юм байна, хурдацтай тархдаг юм байна, би өөртөө төдийгүй гэр орныхон, ойр тойрны харьцдаг улсууддаа тусгах эрсдэлтэй гэдгийг ойлгодог улсууд бол маск зүүх, хүнтэй ойроос харьцахгүй байх, гадуур учиргүй их явахгүй байх гэдгийг заавал төрөөр хэлүүлж, төрөөр хянуулж, цагдуулж байх зүйл мөн үү.

Туссан улсууд хаашаа ч юм бэ дээ. Баар, караоке хэсэж явсан байх юм. Би бол хосоороо дуулдаг дуучны тоглолтод очихгүй л дээ. Ийм замаар тусна шүү, энэ бол чиний л эрүүл мэнд, амь нас шүү гэдгийг ойлгуулаад орхичихвол яасан юм бэ гэж би санаа бодлоо солилцдог улсуудтайгаа ярьдаг л даа.

Надтай ярилцсан улсуудаас нэлээд хэд нь “Манай монголчууд тийм биш шүү дээ”, “Манайхан ухамсаргүй, хэнэггүй, хариуцлагагүй улсууд. Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж мэддэггүй шүү дээ" гэдгийг л онцлоод байгаа юм.

Гадаадад байгаа оюуны хөдөлмөр эрхэлдэг улсуудтай ярихаар “Тусах нь тусаад байгаа юм аа. Манай хамт ажилладаг хүн туссан. Гэртээ сайн тусгаарлаж, эмчлэгдэж байгаад гараад ирсэн” гэх юм.

Зарим нь “Сая би нэг хэсэг муухай ханиад тусаад халуураад, ажлаасаа чөлөө аваад 15 хоног гэртээ эмчлүүлсэн чинь зүгээр нэг ханиад биш ковид тусчихсан байсан юм билээ” гэж ярьсан гэж байгаа юм. Халдвар авсан ч гэртээ өөрийгөө чанд хориод, эдгэсэн хойноо буцаад ажилдаа ороод яваа юм билээ.

Хамгийн гол нь хүн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэггүй орчинд төр хүчээ аваад данхайчихдаг юм байна. Бүх юмыг мэдэж, хэзээ яаж, ямар хоол унд идэхийг ч зааж байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ковидын анхны шийдвэрүүдээ танилцуулах үедээ “Одоо засаглах цаг боллоо” гэсэн нь содон туссан л даа. Айдсаар дамжуулаад, шийдвэр гаргагчдын эрх мэдэл улам бүр нэмэгдэж байгаа талаар ч дэлхийн хүмүүс шүүмжлэлтэй хандаж байх юм?

-Өөрөө өөрийгөө авч явж чаддаггүй улсууд өөрийнх нь өмнөөс хариуцлага хүлээдэг тэр зүйлийнхээ эрхэнд бүрэн орохоос аргагүй болдог гэсэн либертари үзэл байдаг. Миний эрүүл мэнд, амь нас гэдгээ мэддэг хүмүүс ухамсартай ханддаг. Жишээлбэл, би ойрын үед ач нар дээрээ огт очихгүй.

Хөгшин бид хоёр гадагшаа гарахгүй, гарвал дэглэм баримтлаад, амны хаалт зүүгээд, зай бариад, хүнсээ цуглуулчихаад, гараа сайн угаадаг. Халаасандаа ариутгагч авч явдаг. Социалист хандлага бүх юманд ноёлж, улс орон даяар ийм хандлага тогтоож байх шиг санагдаж байна.

"Манайхан ч манайхан шүү дээ” гэж хэлээд байгаа улсууд бас ч үнэн яриад байгаа юм. Хөл хорионоос гарангуутаа учир зүггүй концерт, бөх үзээд явчихвал хэцүү шүү дээ.

-Цар тахлын үед Америк мэтийн ардчилал ярьдаг орнууд халдварыг хазаарлаж чадахгүй, харин Азийн дарангуйлагч дэглэмтэй орнууд халдварыг барьж чадаж байна гэлцэх юм?

-Телевизийн мэдээ харахаар Япон, Өмнөд Солонгост халдвар их тархаж байгаа дуулдах юм. Үнэхээр тийм юм бол Хойд Солонгос маягаар байвал яасан юм бэ гэж ёгтолсон маягаар хариу барьж болж байна.

Хамгийн гол нь өөрийнхөө болон ойр тойрныхоо хүмүүсийн өмнө хариуцлагаа ухамсарласан хүмүүс л гайгүй даваад гарна даа.

Манайхан муухай хэнэггүй улсууд шүү дээ. Өөрөө тусахаас гадна орчин тойрныхоо улсуудад тусгачих вий гэдгийг юман чинээ бодохгүй байж мэдэх улсуудын дунд бол хэцүү.

Гэхдээ ямар ч байсан ингэж хэтэрхий нусыг нь авч, нүүрийг нь угааж өгөх гэдэг төр бол хувь хүн өөрийгөө мэдэх эрхийг бүрэн хязгаарлачихдаг. Хэтэрхий бүх юмыг зогсоох нь улс орны эдийн засгийг тун хүнд байдалд оруулж байгаа хэрэг дээ.

Төрд бүх юмаа мэдүүлбэл халаасны өрөөнд амьдарч байгаа мэт царайчилж, миний амьдрал гэдэг төрөөс түрээсэлж авсан юм шиг л болчихоод байна шүү дээ гэдгийг зарим нь ойлгож эхэллээ. Дэмжиж байгаа улсууд ч байх шиг байна.

-Ажил нь зогсож, цалингүй болсон хүмүүс төрийн дэмжлэгийг сайн хүлээж авах байлгүй. Зарим нь бүр утас, кабелийнхаа төлбөрийг ч даалгахыг хүсэж эхэлж байна?

-Бэлэнчилдэг улсуудад сайхан далим болж байх шиг. Либертари зарчмаар өөрөө өөрийгөө даах гэж нэг юм бий. Ийм нөхцөлийг далимдуулаад төрөөс бүх юмаа даалгах богинохон бодол өвөрлөвөл чамд өөрийгөө мэдэх юм юу ч үлдэхгүй шүү.

Өөрийгөө улам бүр баглаасанд барьж өгөөд байна шүү гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм даа. Ажлаа хийсэн ч дэглэмээ сайн баримтлаад, наргиж цэнгээд хүнтэй дэмий чалчаад байхгүй ажлаа дуусгаад бушуухан шиг гараад явчих хэрэгтэй юм. Цар тахлын нөхцөл байдал үндэстний хувьд том сорилт.

Ханиад тусчихаад төрөөс боллоо гээд байвал өөрт нь мэдэх юм үлдэх юм уу? Бүх юмаа төрд даатгаад байна гэдэг өөрөө төрийн эрхшээлд ороод байна гэсэн үг. Үүнээс л болгоомжилж байгаа юм. Ийм л үед ямар үндэстэн бэ, хэр чамбай үндэстэн бэ гэдгээ харуулах болоод байна. Барууны орнуудад бол ажлыг ингэж зогсоогоогүй юм шиг байна лээ.

Ажлаа гэрээсээ хийх боломжтой нь гэрээсээ хийгээд, зайлшгүй ажилдаа очих ёстой нь очдог. Хүмүүст сонголтыг нь өгсөн тохиолдол маш их байгаа юм билээ. Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай байж сурах цаг ирж байна.

Хариуцлага гэдэг хэн нэг даргын өмнө үүрэг хүлээх явдал биш шүү дээ.

Хүнээр захируулах дургүй хүмүүс бол өөрийнхөө өмнө гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээх нь хамгийн том хариуцлага гэж үздэг. Халамжид дургүй бэлэн зэлэн юманд дургүй. Ёс суртахууны хувьд өөрийгөө доош хийж байгаа хэрэг. Эрх чөлөөтэй байхын тулд хариуцлагатай байх ёстой. Өвчин тусахгүйн тулд дэглэм барьж, орлогоо таслахгүй байхыг хичээх учиртай. Энэ бол зөвхөн өөрт бус улсад ч хэрэгтэй.

-Зарим хүн гэртээ байхыг өөртөө цаг гаргах, би хэн бэ, яаж амьдраад байгаа билээ гэдгээ эргэцүүлэх боломж олдлоо гэж хүлээж авч байна?

-Үнэн байх шүү. Нэг л завгүй хүн өглөө гараад орой ирдэг. Тийм улсууд гэр орныхондоо сайн муу талаараа өөрсдийгөө их л таниулж байх шиг.

Зарим нь их стресстэж байна. Хамт олон гэж нэг их ярьдаггүй либертари үзэлтнүүд бол гайгүй л байх. Хамт олонч улсууд бол хэцүүдэж байх шиг байна.

-Хүн бол нийгмийн амьтан л гэдэг?

-Хүн хэчнээн нийгмийн амьтан ч цаад мөн чанараараа зөвхөн өөртөө хадгалж байдаг нууц гэж бий Айн Рэнд хэлсэн байдаг.

“Сэтгэлийнхээ мухарт хүн ганцаараа байдаг амьтан шүү дээ" гэж. Бүх юмаа дэлгээд, нээлттэй ном шиг байх ёсгүй гэдэг. Хүн болгон барьж аваад сайнтай муутай нь уншчихдаг биш. Яг бодоод үзэхэд хүн хамгийн нандин зүйлээ өөртөө л хадгалж байдаг.

Нээлттэй хүн энэ тэр гэдэг бол дэмий яриа даа. Зарим нь хүүхдэдээ анхаарал хандуулаад миний хүүхэд ийм хичээлдээ сайн, муу гэдгийг одоо мэдэж байгаа хүмүүс ч байна. Хожоо гаргаж байгаа улсууд ч бий. Сургууль, багшид хүүхдээ даатгадаг хүмүүс бол хэцүүхэн байх шиг.

-Хөл хорионы үеийн таны нэг өдөр ямаршуухан өнгөрч байна. Таны хамгийн их цаг зарцуулж байгаа ажил юу вэ?

-Яг ний нуугүй хэлчих үү?

-Тэг л дээ.

-Нэг хүнтэй онлайнаар шатар тоглоод, баларч байна аа. Толгойгоо өвдтөл тоглож байна. Нет рүү урьдынхаас их ордог болсон. Санаж явсан нэг номоо дөхүүллээ. Одоогоор “Төр хэмээх мөсөн уул” гэсэн урьдчилсан гарчиг өгсөн. Түүнийгээ бичиж дуусгаж байна.

Английн нэг философич төрийг далайн мангастай зүйрлүүлсэн байдаг. Энэ нэр томьёог хэрэглэвэл хүмүүст ойлгомжгүй байх болов уу гэж бодоод байна. Ийм л зүйлд цаг зарцуулж байна. Бас нэлээд унтаж байна.

-Аминд тулсан үед хүний мөстэй үлдэх хэцүү. “Би үхэхээр чи үх” гэж үг ч байдаг. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн хаалган дээр шошго наахаар “Зөв, бусдад нь анхааруулах хэрэгтэй” гэдэг. Маргааш өөрийнх нь хаалган дээр шошго наахад хүрвэл хэцүү санагдах байх. Үүнийг яаж харж байна?

-Ердийн нөхцөлд хүн танигддаггүй. Энгийн үед хүн багаа хэр барагтай тайлдаггүй.

“Хил залгаа нөхцөл байдал” гэж философийн нэр томьёо байдаг. Тэрэндээ тулсан үед хүний жинхэнэ мөн чанар харагддаг. Золоор ойр дотнын улсуудаас маань энэ муухай ханиад тусаагүй байна. Хэрвээ ханиад тусвал яах хүн билээ гэдгийг бодно. Өөрийгөө тусгаарлаж чадах хүн билүү, бусдыг бодох хүн билүү.

Хэнэггүй улсуудаас бол их болгоомжилно доо. Хүн болгоныг ямар таних биш дээ. Ханиад хүрсэн бол бүх хүнийг өөртэйгөө зүйрлүүлж боддог байх учиртай.

Би үүнийг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас би энийгээ бусдад халдаачихгүй юмсан гэж бодоод өөрийгөө тусгаарлах ёстой. Бусдад гай болохгүй амьдрах гэдэг либертари зарчим юм л даа.

Ханиад тусчихаад төрөөс боллоо гээд байвал өөрт нь мэдэх юм үлдэх юм уу? Бүх юмаа төрд даатгаад байна гэдэг өөрөө төрийн эрхшээлд ороод байна гэсэн үг.

Манайхан нэлээд хэнэггүй учраас хүн болгоноос зугтаах талдаа л байгаа. Хүнийг боддоггүй улсууд шүү дээ. Хариуцлага султай. Хариуцлага гэдгийг өглөө найман цагт ажилдаа очоод, орой яг таван цагт тарах гэж л ойлгодог. Ийм үед болгоомжтой байхгүй бол горьгүй. Манайх шиг улсуудад энд ийм өвчин гарсан шүү, голомт байгаа шүү гэдгийг хавь ойрынхонд нь мэдэгдэх буруу биш л байх.

Либертариуд бол бусад хүн яг над шиг амиа бодох эрхтэй гэдгийг мэддэг. Өөртөө хүсэхгүй зүйлийг өрөөлд хүсдэггүй хүмүүс. Гэтэл нөгөө улсууд өөрийгөө л бодно.

Бусдыг боддоггүй улсуудын дунд бол ойр хавийнханд нь хэлж сануулах хэрэгтэй байх. Энд халдварын голомт бий шүү гэдгийг бусад хүн мэдэх эрхтэй. Ялангуяа тэр хэнэггүй улсуудын дунд байгаа хэнэгтэй ганц хүн чинь хохирч болохгүй шүү дээ.

Зураг