Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Австралийн нүүрсний импортын хоригийг албан ёсны болгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоёр сар орчим хугацаанд Австрали улсаас экспортлосон нүүрсийг Хятад улс боомтууд дээрээ хүлээж авахгүй байсан юм. Ингэхдээ албан ёсоор ямар нэг тайлбар өгөхгүй байжээ. Арваннэгдүгээр сарын байдлаар Хятадын эргийн орчимд Австралийн нүүрсийг ачсан 60 хөлөг онгоц саатаад байв.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Хятадын төрийн төв хэвлэл анх удаагаа Австралийн нүүрсний импортод хориг тавьсныг мэдээлжээ.

Англи хэл дээр гардаг, Коммунист Намын дуу хоолой Глобал Таймс сонинд мэдээлснээр өнгөрсөн амралтын өдөр тус улсын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны албан тушаалтнууд Хятадын гол 10 эрчим хүчний компанийн төлөөлөгчидтэй уулзахдаа Монгол, Индонез, Орос улсуудаас ямар нэг хатуу хязгаарлалтгүйгээр нүүрс авах эрх өгсөн байна. Гэхдээ үүнд Австралийн нүүрсийг оруулахгүй байх нөхцөл тавьсан гэнэ.

Эдгээр компаниуд нэг тонн нүүрсний үнийг 640 юаниас ($97.8) хэтрүүлэхгүй байх нөхцөл дээр хамтарч ажиллахаар болжээ.

Австралийн худалдааны сайд Саймон Бирмингэм нүүрсний нийлүүлэлтэд хориг тавьсан тухай албан ёсны мэдэгдэл Хятадын талаас аваагүй ч гарсан мэдээллийг уншаад “маш их санаа зовж байгаа”-гаа мэдэгдсэн байна.

Энэ он гарсаар Австралийн засгийн газрын сайд нар Хятадын талтай шууд ярилцах боломж олдохгүй байгаа нь хоёр улсын дунд үүссэн худалдааны маргааны талаар хэлэлцэх аргагүй болгож буйг тэр хэлжээ.

Бирмингэмийн хэлснээр Австралийн засгийн газар тус улсын арвайн импортод Хятадын тал өндөр татвар оноох болсон талаар Дэлхийн Худалдааны Байгууллагад албан ёсны гомдол гаргахад бэлэн болсон гэнэ. Нүүрстэй холбоотой хоригийг хэрхэн шийдвэрлэх боломжуудыг судлахаа бас мэдэгджээ.

Жилийн өмнө Хятадын Ухань хотод тархаж эхэлсэн коронавирусийн эх үүсвэрийг мөрдөн шалгахыг Австралийн засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байв. Уг уриалгатай холбоотойгоор Австрали, Хятад улсуудын харилцаа эрс муудаж, улс төр, худалдааны маргаан өрнөж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian