Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улс булгануудаа устгасны улмаас дэлхийн зах зээлд арьсны үнэ ханш өсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн шинэ хувилбар тархсан байж болзошгүй үндэслэлээр Дани улс саяхан арьс үсний аж ахуйнуудад үржүүлдэг 17 сая булгаа заазалсан билээ.

Дани нь булганы арьс нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд гол худалдан авагч нь Хятад улс ажээ.

Данийн засгийн газрын авсан арга хэмжээний улмаас Азийн зах зээлд булганы арьсны үнэ 30 орчим хувиар өссөнийг IFF (Олон Улсын Үслэг Эдлэлийн Холбоо) байгууллага мэдээлсэн байна.

Одоо дэлхийн бүх үслэг эдлэлийн салбарынхны анхаарал Финланд улс руу хандаад байгаа аж. Учир нь маргааш буюу Мягмар гарагт тус улсын аж ахуйнууд нэг сая булга, 250,000 үнэгний арьсыг олон улсын дуудлага худалдаагаар зарж эхлэх гэнэ.

Saga Furs компанийн зохион байгуулах энэ худалдааны үеэр булганы арьсны шинэ үнэ ханш тогтоогдох юм байна.

Хэрвээ зах зээлд булганы арьсны хомсдол үүсвэл Louis Vuitton, Dior, Fendi зэрэг хувцас үйлдвэрлэгчид хоосон орон зайг үнэг, чинчилла зэрэг амьтдын арьсаар нөхөх бодлого барьж магадгүйг салбарын судлаачид мэдээлжээ.

Үслэг эдлэлийн эрэлт 1950-аад оноос эхлэн тасралтгүй буурч байгаа. Зөвхөн 2000-2013 оны завсарт эрэлт өссөн нь хувцас загварын ертөнцөд үслэг эдлэл “моодонд орж”, Хятадын хэрэглэгчдийн тансаг хэрэглээ өссөнтэй холбоотой гэнэ.

2013 онд булганы нэг арьс дуудлага худалдаагаар $90 үнэ хүрдэг байсан бол өнгөрсөн онд $30 орчмоор зарагдаж байжээ.

2014 онд дэлхийн зах зээлд 80 сая гаруй арьс зарагдсан бол өнгөрсөн онд 60 сая хүрэхгүй хэмжээний арьс зарагдсан байна.

Энэ онд булганы арьсны үнэ өмнөх оноос 2.6 хувиар буурна гэж EuroMonitor байгууллага тооцоолжээ.

 

Эх сурвалж: Reuters