Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрүүдээс 50 гаруй МВт-аар өссөн. 18:00-22:00 цаг хүртэл чухал биш цахилгааны хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төр хариуцах болсон талаар Засгийн газраас танилцуулсан. 

Уг шийдвэр гарснаар  эрчим хүчний хэрэглээ хэр ихэссэн, ямар нэгэн гэмтэл гарсан эсэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 

УБЦТС ТӨХК-ийн  албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ "Бригадууд, дуудлагын төвийг бэлэн байдалд байлгаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэлсэн. Зарим газар цахилгааны утас ачааллаа дийлэхгүй шатаж, гэмтлийг тэр дор нь засаж, хэвийн болголоо. 

Өчигдрийн хувьд эрчим хүчний хэрэглээнд өсөлт анзаарагдсан. УБЦТС ТӨХК өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан. Айл болгон халаагуур залгаж байна. Иргэдээсээ эрчим хүчний  хэрэглээгээ зохицуулж, зохиомлоор ачаалал үүсгэхгүй байхыг хүсэж байна" гэлээ. 

Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Онцгой байдлын байгууллагаас долоо хоногийн өмнө зохион байгуулсан юм. 

Энэ үеэр 90 мянга орчим айлд гал түймрийн хяналт хийхэд 25% нь цахилгаан дамжуулах утасны шаардлага хангаагүйг олж тогтоосон байна. 

Эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтийн талаар Диспетчерийн Үндэсний Төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням "Өчигдрийн хувьд эрчим хүчний хэрэглээ 1,215МВт болж өссөн. Энэ нь өмнөх өдрүүдээс 50 гаруй, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 105МВт-аар өссөн үзүүлэлт юм. Өвлийн эрчим хүчний дундаж хэрэглээ 1,110МВт орчим байдаг. 

Иргэд маань эрчим хүчний хэмнэлт хийхгүй бол тоног төхөөрөмж гэмтэх аюулд хүрч болзошгүй гэдгийг анхааруулмаар байна. 18:00-22:00 цаг хүртэл чухал биш цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй. Хэмнэлт үүсгэхгүй бол төвийн бүсийн эрчим хүчний систем доголдох эрсдэлтэй" гэв.