Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хороо зайнаас хяналт тавих тасралтгүй горимд шилжсэнээ мэдэгдэв

ikon.mn
2020 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэх үүрэгтэй этгээдийн хууль тогтоомж, журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэх, МУТС-тэй тэмцэх үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж буй байдалд зайнаас тавих хяналтын тасралтгүй горимд шилжин ажиллах болсноо мэдэгдэж байна.

Учир нь, дэлхий дахинд үүсээд буй коронавируст цар тахал (Ковид-19)-тай холбоотойгоор улс орнууд өөрийн орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ үүссэн нөхцөл байдалд тохируулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг уялдуулах шаардлага үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мэдээлэх үүрэгтэй этгээдийн хяналтын тогтолцоо, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа уламжлалт бус хэлбэрээр хийгдэх болсноор гэмт хэрэг үйлдэх сэдэл нэмэгдэх, шинэ төрлийн эрсдэлт хүчин зүйлсийг нэмэгдүүлэх зэрэг бодит эрсдэл бий болох өндөр магадлалтай талаар анхааруулж байна.  

Мөн олон улсын байгууллагууд коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахлын үед төрийн болон хувийн хэвшлийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа, хяналтын тогтолцоо нь сул байгаад гол эрсдэл оршиж байна гэж тодорхойлсон.

ФАТФ-аас коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын үед мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (МУТС)-тэй холбоотойгоор үүсэж болзошгүй дараах 5 төрлийн нийтлэг эрсдэлийг онцолсон. Үүнд:

  1. Хувь хүн болон хуулийн этгээдийг зүй бусаар ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх эсхүл ажил олгогч төлбөрийн чадваргүй болсон мэтээр хөрөнгө, орлогоо нуух;
  2. Зохицуулалтгүй салбаруудыг ашиглах нь ихсэж, мөнгө угаах болон бусад хууль бус үйл ажиллагаа явуулах тохиолдлууд олшрох;
  3. Дотоодын болон олон улсын санхүүгийн тусламж, яаралтай тусламжийн санхүүжилтийг зүй бусаар ашиглах;
  4. Залилангийн гэмт хэрэг ихсэх (Жишээлбэл, цахимаар хуурамч бараа худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа төлбөр шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол олон улсад гарч байна);
  5. •Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай холбоотой эдийн засгийн уналтыг ашиглаж гэмт хэрэгтэн болон террористууд, хөгжиж буй орнуудын бэлэн мөнгөний эргэлт өндөртэй, хөрвөх чадвар сайтай бизнесүүдийг зүй бусаар ашиглах болсон.

Иймд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед МУТС эрсдэлийг үнэлэх, харилцагчийг таньж мэдэх, гүйлгээнд хяналт тавих, Санхүүгийн мэдээллийн албанд бэлэн мөнгө, гадаад төлбөр тооцоо болон сэжигтэй гүйлгээний тайланг цахимаар хүргүүлэх зэрэг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай журамд заасан шаардлагыг мөрдөх, тасралтгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд дотоод зохион байгуулалтыг сайжруулж ажиллах шаардлагатайг анхааруулж байна.

Түүнчлэн, харилцагч, үйлчлүүлэгчдээс биет баримт бичиг шаардах, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учирч байгаа тул ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд МУТС бага эрсдэлтэй гэж үзсэн үйл ажиллагаанд, тухайлбал, шилжүүлэг нь хууль ёсны орлого, хүлээн авагч нь тодорхой, шилжүүлгийн зорилго энгийн бөгөөд ойлгомжтой бага дүнтэй гүйлгээ хийх зэрэг үйл ажиллагааг зайнаас, хялбаршуулсан хэлбэрээр авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Улс орнууд олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хүрээнд үүсч буй эрсдэлтэй холбоотойгоор онцгой нөхцөл байдалтай уялдуулан зайнаас тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх нь улс оронд үүсэж буй МУТС эрсдэлийг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэн хяналт шалгалтыг гүйцэтгэх тогтолцоондоо өөрчлөлт оруулж байна.

Иймд газар дээрх хяналт шалгалтыг цар тахлын үед гүйцэтгэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэх үүрэгтэй этгээдийн хууль тогтоомж, журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэх, МУТС-тэй тэмцэх үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж буй байдалд зайнаас тавих хяналтын тасралтгүй горим (тухайлбал, цахим хэлбэрээр хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах г.м)-д шилжин ажиллах болсныг мэдэгдье.