УИХ-ын чуулганаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/watch/?v=408822153808249
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, өмчлөл, эзэмшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалттай газар, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн тэдгээрийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, төмөр замын сүлжээ байгуулахад баримтлах зарчим, тээвэрлэлтийг төрөл ангиллын дагуу зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа зөрчил, давхардал болон зохицуулалтгүй байгаа зарим харилцааг хуульчлах замаар эрх зүйн орчин сайжран, төмөр замын тээврийн салбар хөгжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой, эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Шинэ төмөр замын санхүү ямар байдалтай байна вэ. Гацаж байгаа зүйл юу байна вэ. Баруун тийшээ төмөр зам барих трассын асуудал ямар шатандаа явж байна вэ. Хэзээ оруулж ирж батлуулах вэ. Энэ хуулийн төсөлд үүнтэй холбоотой зүйл байгаа юу.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Хүйтний улирал эхэлсэн ч гэсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, төмөр замчид, ЗХЖШ-ын алба хаагчид ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэл 240 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнээс эхний ээлжийн 75 тэрбум төгрөгийг Зүүнбаян төмөр замын дансанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлсэн байна.
Дараагийн санхүүжилт он гарангуут нэгдүээр сард хийгдэнэ. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” санхүүжилтийг таслахгүй явуулах чиглэлтэй ажиллаж байгаа. УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ асуудалд хяналт тавьж, дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, баруун босоо тэнхлэгийн төмөр замын ТЭЗҮ-г 2020-2024 онд хийж гүйцэтгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. ТЭЗҮ-г боловсруулж дуусаад, трасс батлуулах ажлыг УИХ-д оруулж ирнэ. Энэ ажлыг 2021 оны сүүлээс эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.