Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д нэг өдрийн дотор хамгийн олон хүн Covid-19 өвчнөөр амиа алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын улмаас нэг өдрийн дотор амиа алдсан хүний тоо АНУ-д хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Лхагва гарагт тус улсад 3,124 хүн Covid-19 өвчнөөр нас барсныг Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 2,603 хүн нас барсныг цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцож байжээ.

Харьцуулбал дэлхийн хоёрдугаар дайнд АНУ оролцсон эхний өдөр Францын Нормандын эрэгт болсон байлдааны үеэр тус улсын 2,500 цэрэг амиа алдаж байв. Түүхэнд “D-Day” гэж нэрлэгддэг энэ өдөр Холбоотон улсууд нийтдээ 4,400 цэргээ алдаж байжээ.

Нью Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлагын үеэр 2,977 хүн амиа алдаж байв.

Үүнээс харвал энэ долоо хоногийн Лхагва гараг нь Америкийн түүхэнд хараар бичигдэх өдөр болж байна.

Нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол сүүлийн таван өдөрт дунджаар 209,000 байсан нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна АНУ даяар эмнэлэгт эмчлүүлж буй хүний тоо өдөр бүр нэмэгдсээр Лхагва гарагт 106,000 гаруйд хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 15.6 саяд хүрч, нас барсан хүний тоо 292,000-ыг давжээ.

Эдгээр үзүүлэлтүүд нь дэлхийн бусад аль ч улсынхаас өндөр байна. Батлагдсан халдварын тоогоор Энэтхэг улс (9.7 сая), нас баралтын тоогоор Бразил (179 мянга) дэлхийд удаалж байгаа юм. 

АНУ-ын засгийн газар Covid-19 өвчний эсрэг анхны вакцинд энэ долоо хоногт багтаан зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. Хэрвээ ингэж чадвал ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалт эхлэх юм.

 

Эх сурвалж: Los Angeles Times