Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: МХБ-Торонтогийн бирж хувьцаагаа хөрвүүлэн худалдаалах боломжтой боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан цахим хэлбэрээр өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. 

Үүний нэг нь “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэх асуудлыг шийдвэрлэсэн явдал байв.

Дээрх хувьцааг бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдэж байна. 

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ний Торонтогийн бирж дээр гаргасан нийт хувьцааг бүртгэж аваад буй. Ингэснээр манай биржийн зах зээлийн үнэлгээ $104.475М нэмэгдэж, МХБ-Торонтогийн бирж хооронд хувьцаагаа хөрвүүлэн худалдаалах боломжтой боллоо. Манай зах зээл дэлхийтэй холбогдлоо" хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байсан юм. 

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК нь Монгол Улсад ашигт малтмалын ордын хайгуул, төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагааг 2002 оноос эрхэлж эхэлсэн. Голлох үйл ажиллагаа нь өндөр агууламж бүхий томоохон алт болон алт-зэсийн ордуудыг бага зардлаар нээн илрүүлэхэд төвлөрдөг.