Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцэн батлах болно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг зочид, нийслэл, аймгуудын Хүний эрхийн ажилтнууд, нийт 50 гаруй хүн оролцож байна.  Цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулъя.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид оо,
Хүндэт хатагтай, ноёд оо,

Цахим хэлэлцүүлэгт оролцож буй та бүхэнд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголчууд бид ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигт нийцүүлэн томьёолж, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн нэн тэргүүний үүрэг гэдгийг тодорхойлсон билээ.

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд хүний эрх нь элдэв баримт бичигт чимэг болгож хэрэглэгддэг тунхгийн шинжтэй үг биш, харин иргэд бие биедээ хэрхэн хандах ёстой, төр иргэдэд хэрхэн үйлчлэх учиртайг тодорхойлсон зарчим, үнэт зүйл гэдгийг нийгэм даяар ойлгодог болсон нь өнгөрсөн 30 жилийн нэг чухал ололт юм.

Хүний эрхийн үзэл санаа төгөлдөржин хөгжиж, иргэд өөрсдөө хүний эрхийн эзэд гэдгээ хүлээн зөвшөөрч, энэхүү эрхээ шаардах хандлага давамгайлж байна.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвших нэгэн баталгаа юм.

Хүн бүр төрөхөөсөө насан эцэслэх хүртлээ эрх чөлөөтэй, эрхийнхээ хувьд адил тэгш байх учиртай. Хүний эрх гэдэг бол жам ёсны заяагдмал ойлголт.  Нас хүйс, зүс царай, ажил мэргэжил, цалин орлогын гэх мэт ямар ч ялгаваргүйгээр монгол хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой.

Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй, нэг зоосны хоёр тал юм. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой. Гэтэл Монгол Улсад иргэнээ эрүүдэн шүүдэг үзэгдэл зогсохгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр бий болгосон боловч хэрэгжилт сул байна. Энэ мэт хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг цаг тухайд нь илрүүлж, таслан зогсооход ХЭҮК-ын үйл ажиллагаа чиглэх ёстой.

УИХ “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийг баталж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахаар төрийн бүх шатны байгууллагууд хичээн ажиллаж байна. Энэ үйл явцад хүний эрхийг зөрчихөөс ямагт сэргийлж, цар тахлыг хүний эрхийн аливаа зөрчилгүй даван туулах ёстой. Энэ талаар энэхүү хэлэлцүүлгээр нухацтай ярилцан хэлэлцэх гэж байгаад талархал илэрхийлье.

Хэлэлцүүлэгт оролцогчид оо.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь цаашид ч Монгол төрийн эрхэм зорилт хэвээр байх болно. Тиймээс Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард УИХ баталсан.

Өмнө нь ХЭҮК-оос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг ч Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг өөрчилсөн. Шинэ хуулиар тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болголоо.

ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томиллоо.

Өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас надад талархлын захидал ирүүлсэн байна. Уг захидалд УИХ “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хууль батлах гэж байгааг сайшааж, хуулийн төсөлд дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын ажлын алба, Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан тусгай илтгэгч Мари Лаулор энэ хуулийг УИХ баталбал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хууль батлан хэрэгжүүлсэн анхны манлайлагч улс болох болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцэн батлах болно. Баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад ХЭҮК манлайлал үзүүлэх ёстойг тэмдэглэе.

ХЭҮК-ын үйл ажиллагаа Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихэд бүрэн чиглэж, үр дүнтэй байж чаддаг уу гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Харамсалтай нь “Тийм” гэж хэлэх боломжгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс шинээр томилогдсон гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой гэдгийг дахин сануулж хэлье.

УИХ-аас хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа, хараат бус байдлыг хангах талаар эн тэргүүнд анхаарч ажиллах болно.

Та бүхэндээ хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэгт заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй зүтгэхийг хүсэн ерөөе.

Хэрвээ ингэж чадвал Монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана.

 
Гэрэл зургийн эх сурвалж:  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс