Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Файнаншл Таймс” олон улсын сэтгүүлээс энэ жилийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий 12 эмэгтэйг тодруулж, Тайваний ерөнхийлөгч Цай Инвэнь олон улсад дахин хүлээн зөвшөөрөгдлөө

ikon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN

Английн “Файнаншл Таймс” сэтгүүлийн уншигчид энэ оны (2020) Дэлхийн хамгийн нөлөө бүхий 12 эмэгтэйг шалгаруулжээ. Тайваний ерөнхийлөгч Цай Инвэний цар тахлаас урьдчилан сэргийлэх, улс төр болон хүйсийн эрх тэгш байдлыг дэмжих зэрэг олон салбарын хүрээнд үзүүлсэн амжилт нь “Файнаншл Таймс” сэтгүүлийн уншигчдийн дэмжлэгийг өргөнөөр хүртсэн байна.

Ерөнхийлөгч Цай Инвэний Засгийн газар цар тахлын дэгдэлтийн эхэн үед хилээ хаах зэрэг үр дүнтэй хилийн менежментийг тууштай хэрэгжүүлсэн нь туйлын ухаалаг шийдвэр болсныг тус сэтгүүлийн уншигчид тодотгосны зэрэгцээ Тайвань нь энэ онд дэлхий дахинаа хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын нэгээр тодров. Мөн түүнчлэн  ерөнхийлөгч Цай Инвэнь нь (анхны бүрэн эрхийнхээ хугацаанд) ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж, хуульчилж байжээ.

“Файнаншл Таймс” сэтгүүлийн Амралтын өдрийн сэтгүүл (FT Weekend Magazine) нь жил бүрийн 12 сард дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд ерөнхийлөгч Цай Инвэний хамтаар сонгогдсон дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн тоонд Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel),  Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн (Jacinda Ardern), АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис (Kamala Harris), Беларусын улс төрч Светлана Тихановская (Svetlana Tikhanovskaya) зэрэг эмэгтэйчүүд багтжээ. Энэхүү жагсаалтын өөр нэг сонгогдогч нь “хөдөлмөр эрхэлж буй ээжүүд” юм. Учир нь цар тахлын нөлөөгөөр тоймгүй олон хүмүүс гэрээсээ ажиллахаас өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд хөдөлмөр эрхэлдэг эхчүүдийн хувьд ажлаа хийхээс гадна сургуульд явах боломжгүй байгаа хүүхдүүдээ харж хандан, боловсрол олгох үүргийг давхар хүлээж буй учир ийнхүү уншигчдын дэмжлэгээр тус жагсаалд багтсан байна.

Ерөнхийлөгч Цай Инвэнь энэхүү номинацид түүнийг нэр дэвшүүлж тодруулсан уншигчдад талархал илэрхийлэхийн сацуу түүнээс ч илүү шилдэг эмэгтэйчүүд уг шагналыг хүртэх ёстой байсныг дурьдаад жинхэнэ хүйсийн эрх тэгш байдлыг хөгжүүлэхийн тулд бүгд хамтдаа хүчин зүтгэхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Цай Инвэнь ерөнхийлөгч зөвхөн хувь хүн төдийгүй улс орноо ч давхар төлөөлдөг гэж үздэгийг тодотгоод Тайваний ард түмний эв нэгдэлд дахин талархал илэрхийлж, энэхүү хүндэтгэл нь Тайваний бүх ард түмэнд хамаатай гэдгийг онцлов.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө: “Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсийг ерөнхийлөгч Цай Инвэнь манлайлж гайхалтай амжилтанд хүрээд буй нь сүүлийн үед олон улсын нийгэмлэгийн анхаарлыг ихэд татаж, хүлээн зөвшөөрөгдөж буйг дурьдаад, Цай Инвэнь ерөнхийлөгч “Файнаншл Таймс” сэтгүүлээс гадна “Блүүмберг мэдээлэл”-ийн (Bloomberg News) энэ жилийн Дэлхий дахины хамгийн нөлөө бүхий 50 хүний нэг болсныг сонордуулав. Тайвань  цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэ жилийн эдийн засгийн өсөлт нь 1,56%-иар өсөх төлөвтэй байгаа ба дотоодын аялал жуулчлалын зах зээлээ эрчимтэй хөгжүүлж, Ази номхон далайн аялал жуулчлалын зах зээлийг эргэн сэргэхэд чухал түлхэц болж байна. Ингэснээр Тайвань нь цар тахал дууссаны дараа олон улсын аялагчид хамгийн түрүүнд зорчих эхний сонголт болох бөгөөд Монголчуудыг ч мөн цар тахал дууссаны дараа Тайваньд зочлохыг урьж байна” хэмээлээ.

 

Тайваний ерөнхийлөгч Цай Инвэнь (Зүүн доод буланд) нь “Файнаншл Таймс” сэтгүүлийн 2020 оны Дэлхий дахины хамгийн нөлөө бүхийн 12 эмэгтэйн нэгээр тодров. Зургийг “Файнаншл Таймс” сэтгүүлийн цахим хуудаснаас.

 

Ерөнхийлөгч Цай Инвэнь энэхүү номинацид түүнийг нэр дэвшүүлж тодруулсан уншигчдад талархал илэрхийлэхийн сацуу түүнээс ч илүү шилдэг эмэгтэйчүүд уг шагналыг хүртэх ёстой байсныг дурьдаад жинхэнэ хүйсийн эрх тэгш байдлыг хөгжүүлэхийн тулд бүгд хамтдаа хүчин зүтгэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.