Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургуулийн дээврийг засах, соёлын төвдөө тоног төхөөрөмж авах асуудлыг сумын Засаг дарга өөрөө шийдэх боломжийг нээж өгөх ёстой"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Нийгмийн даатгалын 30 үйлчилгээний есийг нь суманд шийддэг. Бусдыг нь заавал аймгийн төв рүү явж шийдүүлж байна. Нийгмийн халамжийн 32 үйлчилгээг бүгдийг нь  аймгийн төв дээр шийддэг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа авахын тулд заавал аймгийн төв рүү явдаг.

Суманд төрийн үйлчилгээний эрхийг илүү шилжүүлж өгөх ёстой. Энэ зүйлийг хуулиар хангах нь зөв.

Сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд орон нутгийн илүү оролцоотой болгох хэрэгтэй. Жишээлбэл, нэг сумын сургууль гэхэд сургуулийн хөрөнгө нь аймгийнх, төсөв нь салбарын сайдын багцынх байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх ажлыг сумын Засаг дарга хариуцах ёстой.

Сайдын багцад төсөв нь батлагдаад аймгийн ИТХ-аар ёсчилсон болоод сумдад очиж байгаа. Сумын Засаг дарга сургуулийнхаа дээврийг засах уу эсвэл соёлын төвийнхөө тоног төхөөрөмжийг авах уу гэдгээ тэндээ шийддэг эдийн засгийн шинэчлэлийг энэ хуулиар бий болгох боломжийг нээж өгөх ёстой.

Дараа нь тосгоны асуудал байгаа. Сэлэнгэ аймаг хамгийн олон буюу зургаан тосгонтой. Дараа нь Хэнтий, Хөвсгөл аймаг орно. Манай зарим тосгон сумаас олон хүн амтай.

Сумын үйлчилгээ авахын тулд 100 гаруй километр явах шаардлага үүсдэг. Энэ асуудлыг бодолцох нь зүйтэй. Хуульд орон нутгийн өмч гэдэг асуудал явцуу тодорхойлогдсон. Зөвхөн эд хөрөнгө гэдэг байдлаар тодорхойлсон байна.

Орон нутгийн эрх хэмжээ нутгийн өмч зэрэг чухал ойлголтыг тусгаж өгсөн боловч орон нутаг гэдгийг тодорхойлоогүй байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Орон нутаг гэдгээ бид тодорхойлсон. Орон нутаг гэдэг бол засаглалын багтаамжтай ойлголт. Орон нутгийн өмчийн асуудлаарх саналыг ажлын хэсэг дээр хүлээж авч тусгаж байгаа. Хилийн цэсийн асуудал хийгдэхгүй яваад байгаа. 

Тосгонд сум багийн чиг үүргийг шилжүүлэх асуудлыг төслийн 71.3-т тусгасан. Сумыг үндсэн нэгж болгож байгаа шалтгаан нь сумуудын нийлбэр нь аймаг болж байгаа юм. Хууль батлагдсаны дараа аль болох сум руу шийдвэрлэлтийг шилжүүлнэ. 

Баян, ядуу сум гэдэг ойлголт гарч ирж байна. Үүнийг зааглаж, томилгоо, төсөв нь өөр байя гэдэг зүйл яригдаж байгаа. Дархан, Эрдэнэт мэтийн улсын зэрэглэлтэй хотын удирдлагын асуудлыг гартаа авах, анхаарч үзэх нь зүйтэй болов уу. Дархан-Уул, Орхон аймаг гэж байлгаад байж болохгүй. Өмчийн асуудал маш чухал" гэв.