Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд хүн амынх нь 10% COVID-19-ийн вакцинд хамрагдах боломжтой улсын тоонд Монголыг нэрлэжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улс иргэдээ COVID-19-ийн эсрэг дархлаажуулж эхэлсэн дэлхийн анхны улс болсон. Энэ нь олон сая хүн цар тахлын эсрэг вакцинд хамрагдах эхлэл болж буй. 

Чинээлэг улсууд хүн амаа дархлаажуулахаар их хэмжээний вакциныг вакцин бүтээгчдээс авахаар захиалсаар байгаа бол ядуу буурай орнуудад эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулах ч боломж тааруу байна. 

Саяхны нэгэн судалгаанд бага, дунд орлоготой 70 орчим улсын хүн амын ердөө 10 хувь нь ирэх онд коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэх боломжтой гэх тооцоолол гарчээ. Үүнд Монгол, Украин, Замби, Судан, Гана, Афганистан зэрэг улс багтаж байна.

Оксфам олон улсын байгууллагын Эрүүл мэндийн бодлогын менежер Анна Марроирт "Амьдарч буй улс орон эсвэл халаасан дахь мөнгөний хэмжээнээсээ болж хэн ч амь насыг нь аврах вакцин хийлгэх боломжоор хязгаарлагдаж таарахгүй. Гэвч гайхамшиг тохиохгүй л бол дэлхийн хэдэн тэрбум хүнийг ирэх онд багтаж аюулгүй, үр дүнтэй вакцинаар бүрэн хангах боломжгүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Оксфам нь "People's Vaccine Alliance"-д нэгдсэн бөгөөд уг холбоонд нэгдсэн олон улсын байгууллагууд, хүний эрхийг хамгаалагчид Дэлхийн эрүүл мэндийн ассемблей нэрийн дор COVID-19-ийн тухай мэдээлэл, эмчилгээний арга технологио хуваалцаж, оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулахыг уриалж байгаа юм. 

"Баян чинээлэг улсууд бүх иргэнээ бараг гурав дахин вакцинжуулж хүрэх тун авах боломжтой байхад буурай орнууд эрсдэлт бүлгийнхэн болон эрүүл мэндийн ажилтнууддаа ч вакцин хийх боломжгүй байгаа" хэмээн "People's Vaccine Alliance"-н гишүүн Мога Камал Янни хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Вакцин бүтээгчидтэй хамтран ажиллахаар болсон улсуудыг үл тооцвол, бага, дунд орлоготой 67 улс COVID-19 вакциныг COVAX AMC хөтөлбөрийн хүрээнд зээлээр авах боломжтой байна. Одоогоор хөтөлбөрт 92 улс нэгдээд байгаа ч, вакцин бүтээгчдээс AMC зөвхөн 700 сая хүн тун вакцин нийлүүлэх боломжтойг мэдэгдээд байна. Зарим вакциныг хэд хэдэн удаагийн тун хийснээр дархлаа тогтоно. Тухайлбал, Johnson & Johnson компанийн бүтээсэн вакциныг нэг хүнд хоёр тун буюу хоёр удаа тарих учиртай.

"Чинээлэг улсууд вакцины дийлэнхийг худалдаж авснаар хүний эрхийг хамгаалах үүргээ зөрчиж байна. Үүний оронд бусадтайгаа хамтран ажиллаж, туршлага мэдлэгээсээ хуваалцан, туслалцаа дэмжлэг үзүүлбэл COVID-19-ийн нөлөөг бууруулж чадна" хэмээн Эмнести интернейшнлийн Эдийн засаг, Нийгмийн харилцааны удирдагч Стив Кокбурн хэлжээ. 

COVAX AMC хөтөлбөрийн зорилго нь 2021 оны сүүл гэхэд 92 улсын нийт хоёр тэрбум хүнийг аюулгүй, найдвартай вакцинаар хангах юм. 

 

Эх сурвалж: The Hill