Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр нь аравтын зохион байгуулалт

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "2003 оны Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар багийн даргыг төрийн албан хаагч гэж үзсэн. Ард түмэн төрийн сонгууль, төрлийн сонгууль боллоо, Засаг даргыг томилж өгөөч гэдэг саналыг ирүүлсэн. 

Багийн дарга анхан шатны нэгжийн хувьд төрийн албан хаагч байх нь оновчтой гэж судлаачид үздэг. Энэ асуудлыг ажлын хэсгийнхэн судалж, эргэж харвал зүгээр байна. Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэж үзэж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Аравтын тогтолцоог бий болгох нь чухал юм. Монголчуудын хүчирхэг байсны гол үндэс нь аравтын зохион байгуулалт гэж ойлгодог. Цаашид нүүдлийн соёл иргэншлийг тээж явах ард түмэн байна гэвэл аравтын зохион байгуулалт хүссэн хүсээгүй байх ёстой.

Дэлхийн улс орнуудын төрийн үйлчилгээний зарчим нь нэг ч иргэнийг үлдээхгүй гэдэг дээр суурилдаг.  Иймэрхүү зохицуулалтуудыг ажлын хэсэг дээр зөв томьёолоод авчмаар л байна.

УИХ-ын даргын ярьж байгаа Ардын засгийн нутгийн захиргааны дүрэм бол их сайн дүрэм. Уг дүрэм дээр аравтын даргад дөрвөн том шаардлага тавьсан байгаа юм. Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, амиа бодох биш олны тусыг бодох, ямарваа муу үйлд холбогдоогүй цэвэр шударга, өөрийн хариуцсан засаг төрийн албыг бүтээж чадах шалгуурыг тавьж байжээ.

Багийн болон сумын Засаг дарга нар ийм л байх ёстой. Аравтын тогтолцоогоор яваад ирсэн тогтолцоог орхигдуулах биш засаг захиргааны нэгжийн шинэчлэлээр үүнийг сэргээх учиртай" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Анхан шатанд үйлчилгээ хүргэх гэж байна гээд бүх үйлчилгээг жижиглэх тал дээр яваад байна. Уг нь бол томосгох учиртай юм" гэв.