Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдыг “занажээ”

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү эмэгтэй урт хугацаанд чимээгүй байсны эцэст өчигдөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын эсрэг хатуу үгтэй мэдэгдэл гаргажээ.

Умард Солонгосын дэглэмийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэгддэг Ким Ёо Жон хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард Пёньяны эсрэг суртал ухуулгын материалыг Өмнөдийн талаас хил давуулж буй үйлдлийг хүчтэй шүүмжилж байсан юм.

Энэ сарын 5-ны өдөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Ва ойрх дорнодын Бахрейн улсын нийслэлд болсон олон улсын чуулганд үг хэлэхдээ Умард Солонгост коронавирусийн ганц ч халдварын тохиолдол илрээгүй гэсэн мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм байна.

“Хэдийгээр халдварын ганц ч тохиолдол илрээгүй гэж мэдэгдсэн ч Пёньяны дэглэм халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь эргэлзээ төрүүлж байна” гэж тэр чуулганы үеэр хэлж байжээ.

Ким Ёо Жоны өчигдөр гаргасан мэдэгдэлд “Саяхан ойрх дорнодод зугаалж явахдаа манай цар тахлын эсрэг тэмцлийн талаар Каны хэлсэн хэрүүлийн үгийг бид мэдээнээс олж сонслоо. Тэрбээр хоёр Солонгосын харилцаа муудсан энэ цаг үед нөхцөл байдлыг улам хурцатгах зорилгоор ийм бодлогогүй үг хэлсэн байх. Түүний далд санаа тодорхой харагдаж байна. Бид түүний хэлсэн үгийг хэзээ ч мартахгүй бөгөөд зохих тооцоог бодох болно” гэсэн байна.

Уг мэдэгдэл нь Сөүл хотод хийж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дэд дарга Стивен Биганы айлчлалтай давхцаж буй нь тохиолдлын хэрэг биш бололтой.

Ким Ёо Жон энэ мэдэгдлээрээ цар тахлын хүнд хэцүү цаг үед Умард Солонгосыг өдөөн хатгахгүй байхыг Өмнөд Солонгос, АНУ хоёрт зэрэг анхааруулж буй хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Мэдэгдлийг Ким Ёо Жон шууд өөрийнхөө нэрээр гаргасан нь түүний Пёньяны дэглэм дэх өндөр байр суурийг харуулж байна гэж дүгнэжээ. Түүнийг улс орондоо ахынхаа дараа хоёр дахь хүн болсон гэлцэж байгаа ба Өмнөд Солонгосын талаар хэд хэдэн удаа мэдэгдэл хийснээс харвал гадаад харилцааг хариуцаж буй бололтой.

Өмнөд Солонгосын засгийн газар коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь тусламж үзүүлэх санал хэд хэд гаргасан ч Умард Солонгосын эрх баригчид ямар ч хариу өгөхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times