Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газрын нөөц бололцоог харьцангуй тайван цагт шавхсан тул халдвар алдсан энэ үед сангийн бодлого хязгаарлагдмал, хүч сул байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны төсөвт тодотгол хийх асуудал болон цаашид авах арга хэмжээний тухайд мэргэжлийнхний байр суурийг сонсох үүднээс ХААИС-ийн багш, эдийн засагч Ж.Баттулгатай ярилцлаа. 

- Сайн байна уу. Монгол Улс цар тахлын энэ хүнд үед 2021 оныхоо төсвийг батлаад буй. Ийнхүү батлахдаа хэт өөдрөгөөр төсөөлсөн хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Тэр тусмаа хөрөнгө оруулалтын зардал хамгийн ихээр шүүмжлэлд өртөж байгаа. Та 2021 оны төсвийн талаар ямар байр суурьтай байна вэ?

- Сайн байна уу. Ирэх оны төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хуулийн хугацаандаа баталлаа. 2021 оны төсвийг 11.7 их наяд төгрөгийн орлоготой, 13.9 их наяд төгрөгийн зардалтай, 2.1 их наядын алдагдалтай баталсан бөгөөд алдагдлын хэмжээ нь ДНБ-ий 5.2 хувьтай тэнцүү юм.

Цар тахалтай өнөө үед төсвийн орлогыг маш өөдрөгөөр төсөөлж, 3.4 их наяд төгрөг буюу төсвийн орлогын 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн байгааг сайн ойлгоогүй. Ирэх оны төсөвт нэг сайн статистик байгаа нь 2021 оны төсвийн зардлын өсөлт 2019, 2020 онтой харьцуулахад буурсан. Тэгэхээр өмнөх оны төсвийн зардлын өсөлт ямар их байсан болохыг ойлгоно.

- Цаг үетэй холбоотойгоор яаралтай тодотгол хийх шаардлагатай гэж үзэх хүн олон байгаа. Төсвийн зардлаа танаад тодотгох боломж хэр байгаа вэ?

- Төсөвт тодотгол хийх боломж байгаа гэж харж байна. Дээр хэлсэнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь улс төсвийн зардлын 24 хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 3.4 их наяд төгрөгийн төсвийг эргэн харж, ач холбогдлоор нь эрэмбэлэх байдлаар үр ашиггүй, тэвчиж болох зардлуудыг танах боломжтой.

Алдагдал ихтэй төсөв байх тусам Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. 2020 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 25.9 их наяд төгрөгт хүрсэн байгаа бол зөвхөн хүүгийн зардал 1.1 их наяд төгрөгийг 2021 онд төлөхөөр байна. Энэ нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулсан ч үргэлжлээд өрийн хямралтай тулгарч болзошгүйг харуулж байна. 

 

- Төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг гэж төсөөлсөн нь хэр бодитой тооцоолол вэ?

- Төсвийн орлогыг төлөвлөхдөө цар тахалгүй байх үеийн нөхцөлтэй адил буюу 2019 онд төсөв хэлэлцэж байгаа мэт тооцсон байна. Өөрөөр хэлбэл, экспортын бүтээгдэхүүний хэмжээнд найдсан харагдах мэт.

Тухайлбал, нүүрсний экспортыг 42 сая тонн, зэсийг 1.4 сая тонн гэх мэтээр уул уурхайн салбараас 3.3 их наяд төгрөгийн орлого олно гэж үзсэн. Гэтэл коронавирусийн нөхцөл хүнд байгаа өнөө үед Монгол, БНХАУ-ын хилийн боомтууд ердийн үеийнх шигээ ажиллаж чадахгүй байгаа. Үүнийг дараах тоогоор баталж болно.

2020 оны арваннэгдүгээр сарын нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.8 сая тонн, зэсийн баяжмал 36.4 мянган тонноор тус тус буурсан. Харин нэг сайн мэдээ байгаа нь манай улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ сүүлийн үед өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл, төсөвт тусгаснаас өндөр байгаа тул бидний орлого нэмэгдэх боломж гарч ирж байна.

Экспортын бүтээгдэхүүн

Хэмжих нэгж

Хэмжээ

Үнэ $

11 Сарын үнэ

Эх сурвалж

Алт 

тн

20

1,950

1,831

www.goldprice.org

Зэс

мян.тн

1,438

6,500

7,621

www.lme.com

Нүүрс

мян.тн

42,000

73

108

http://en.sxcoal.com/

Төмрийн хүдэр

мян.тн

8,986

65

91.3

www.umetal.com

Газрын тос

мян.баррель

5,794

47.9

47.9

www.Oil.com

 
- Та өөрийн бодож буй төсөвтэй холбоотой санааныхаа талаар хуваалцахгүй юу?

- Эдийн засагчид, улстөрчид олон жил төсвийн сахилга батыг сайжруулах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаас зайлсхийх, үр өгөөжөө урт хугацаанд өгөхөд чиглэсэн төсөв батлах талаар ярьж байгаа боловч олигтой үр дүнд хүрэхгүй байсаар өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөг дагасан, сонгуулийн тойрог усалсан төсөв баталдаг хэвээр байсаар байна.

Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалт нь Сангийн яам үр ашигтай төсөв УИХ-д өргөн барихад өөрчлөлтгүй батлагдах бололцоо бүрдсэн. Уг нь манай улс төсвийн талаарх сайн хууль, дүрэм /институт/-тэй боловч хэрэгжилт нь сул байдаг. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай боловч тогтвортой бус. Юу гэж хэлэх гээд байна гэхээр хуулиа өөрчлөхгүй дагаж мөрдөөд явахад хэт их үрэлгэн зардал, өр төлбөрөөс зайлсхийх бололцоо байдаг.

- Өнөөдөр ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, хаа хаанаа асуудал үүссэн. Хямралын эсрэг төрөөс явуулж буй бодлого, багц арга хэмжээнүүдийг та хэр оновчтой гэж харж байна вэ?

- Засгийн газраас хоёр дахь удаагаа хөл хорио тогтоож, хоёр удаа багц арга хэмжээ авсан. Эхний арга хэмжээ нь хэт эрт, бас өндөр зардалтай байсан. Өөрөөр хэлбэл, дотооддоо халдвар алдаагүй байхад хөл хорио тогтоож, нийт эрэлтийг илүү их дэмжсэн, хавтгайрсан арга хэмжээ авсан. Нийлүүлэлт тал дээр ч татвар хураамжийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Эдгээр арга хэмжээ нь үр дүнгээ өгсөн боловч засгийн газрын нөөц бололцоог харьцангуй тайван цагт шавхсан. Иймд халдвар алдсан өнөө үед сангийн бодлогын арга хэрэгсэл хязгаарлагдмал, хүч сул байгаа юм.  

- Шаардлагатай авах арга хэмжээний хувьд танд ямар санал байна вэ?

- Засгийн газар, Монголбанк төсөв, мөнгөний бодлогын арга хэрэгслийг боломжит хэмжээнд ашигласан. Одоо бид экспортыг бууруулахгүй байх тал дээр л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, бид мөнгөний хуваарилалтын талаар маш их ярьдаг. Тэр хуваарилах гээд байгаа мөнгөний орох урсгалын дийлэнхийг уул уурхайн салбар оруулдаг. Хэрэв уул уурхайн бүс нутагтаа коронавирусийн халдварыг алдвал нөхцөл байдал маш төвөгтэй болно.

Нөгөө талдаа халдваргүйтгэл, ариутгалыг сайтар хийж, хөл хориог сулруулах замаар эдийн засгаа сэргээх нь туйлын чухал. Хөл хорио удаан үргэлжлэх нь эдийн засгийг царцааж, улмаар мөнгөний эргэлтийн хурдыг бууруулна. Энэ нь өмнө авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөг үр ашиггүй болгох эрсдэлтэй. Түүнчлэн ААН-ийн үйлдвэрлэлийн болон санхүүжилтийн өртгийг бууруулах арга хэмжээ авч болно. Тухайлбал, хөнгөлөлтэй зээл олгох, зарим төрлийн татвар /НӨАТ/-ыг бууруулах гэх мэт арга хэмжээ авч болно.

Мөнгөний бодлого талаасаа бодлогын хүү, банкуудын зайлшгүй нөөцийн нормыг бууруулах шийдвэр гарсан. Бодлогын хүүгийн нөлөө хугацааны хоцрогдол ихтэйгээс гадна нөлөөлөх хүч нь сул байдаг. Иймд арилжааны банкуудыг мөнгөжүүлэх замаар санхүүжилтийн өртгийг бууруулах, мөн төрөөс зээлийн батлан даалт зэрэг арга хэмжээнүүдийг ашиглах боломж байж болох юм.

- Манай улс ганцаараа хүнд байдалд ороод байгаа бус, бусад улсын хувьд өөрсдийнхөө хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байгаа. Манайхтай ойролцоо эдийн засагтай бусад улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хуваалцахгүй юу?

- Олон Улсын Валютын Сангаас хийсэн Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд БНХАУ нэг хувийн өсөлттэй байх бол бусад улс эдийн засгийн бууралттай байна гэж таамагласан.

Тухайн тайланд дэлхийн дундаж өсөлт 2020 оны эцэст -4.9% гэж тооцож байгаа нь дэлхий нийтээрээ хүнд байгааг харуулж байна. Дэлхийн улс орнууд хямралын эсрэг эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нэмэлт санхүүжилт, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Тухайлбал, Чили улс нь эдийн засгийн бүтцийн хувьд манай улстай ижил төстэй орон. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн эдийн засагтай. Чилийн Засгийн газар 11.8 тэрбум ам долларын төсвийн нэмэлт санхүүжилтийг

  1. Эрүүл мэндийн системийн сайжруулалт,
  2. Ажлын байрыг хадгалах,
  3. ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх гэсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Мөн бодлогын хүүг буруулах, зээлийн шаардлагыг бууруулах, өрх болон ААН-үүдэд олгох зээлийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.

- 2021 оны эдийн засгийг та хэрхэн төсөөлж байгаа вэ. Энэ үед одоогийн төсвийн бодлоготой холбоотойгоор ямар сорилт бий болно гэж харж байгаа вэ?    

- Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын вакцин гарч эхэлсэн бөгөөд зарим улс эхнээсээ иргэдээ вакцинжуулаад эхэлсэн нь таатай мэдээ. Монгол Улсын хувьд вакцин үйлдвэрлэж байгаа компаниудтай холбогдож байгаа гэх яриа гарч байгаа ч вакцинжуулалт 2021 оны хоёрдугаар улирал хүртэл үргэлжлэх байх гэж бодож байна. Иймд 2021 оны гуравдугаар улирлаас манай улсын эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхлэх байх гэж төсөөлж байна. 

Ярилцсанд баярлалаа.