Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид Фэйсбүүк компанийг задлахаар шүүхэд ханджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын холбооны засгийн газар болон 45 мужийн прокурорын байгууллагууд Фэйсбүүк компанийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Тэд Фэйсбүүкийг өрсөлдөгчдөө худалдаж авах замаар зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгодог гэж буруутгасан байна.

Тиймээс Фэйсбүүк компанийг задалж, бүрэлдэхүүнд нь байдаг Instagram, WhatsApp бизнесүүдийг салгах хүсэлт гаргажээ. Өчигдөр тус компани Instagram, WhatsApp бизнесүүдийг амжилтанд хүргэхийн тулд олон саяыг зарцуулсан бөгөөд өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд шийдвэртэй тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

“Шударга бус өрсөлдөөний хууль нь амжилттай яваа компанийг шийтгэхийн тулд биш, харин хэрэглэгчдийг хамгаалж, инновацийг дэмжихийн тулд үйлчилдэг” гэж Фэйсбүүк компанийн төлөөлөгч Женнифер Ньюстид мэдэгджээ.

Фэйсбүүк компани 2012 онд Instagram, 2014 онд WhatsApp компаниудыг худалдан авч, өөртөө нэгтгэсэн юм. Холбооны болон мужуудын эрх баригчдын шүүхэд гаргасан гомдолд дээрх наймаануудыг шалгах хүсэлт гаргажээ. Тухайн үед дээрх наймаануудад зөвшөөрөл олгож байсан засгийн газрын Холбооны Худалдааны Хороо гомдол гаргагчдын нэг болсон байна. 

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг 2008 онд “Өрсөлдсөнөөс худалдаж авсан нь дээр” хэмээн нэг имэйлдээ бичиж байсныг шүүхийн гомдолд эш татжээ.

“Арав орчим жилийн хугацаанд Фэйсбүүк зах зээлийн давуу байдлаа ашиглан жижиг өрсөлдөгчдөө нухчин дарж, хэрэглэгчдийг нь ашиг орлогын хэрэгсэл болгож ирсэн. Хувь хүмүүсийн нийгмийн харилцаанд ингэж хүчтэй нөлөөлж байсан компани байхгүй. Тиймээс бид өнөөдөр ийм алхам хийж байна” гэж Нью Йорк мужийн ерөнхий прокурор Летита Жэймс сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Фэйсбүүк компанийг задлах шийдвэр тийм хурдан гарахгүй, шүүх дээр урт хугацааны тэмцэл явагдана гэж ажиглагчид таамаглаж байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын засаг захиргаа технологийн аварга компаниудын хүч нөлөө нэмэгдэж байгаад анхаарал хандуулах болсон юм.

Өнгөрсөн зун Google, Amazon, Facebook, Apple компаниудын боссууд анх удаа конгрессын сонсголд хамтдаа оролцож байв. Өнөөдрийн байдлаар Фэйсбүүк платформыг өдөр бүр 2.5 тэрбум гаруй хүн хэрэглэдэг. Бараг $800 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй тус компанид 56,000 орчим хүн ажилладаг, өнгөрсөн онд $18 тэрбум гаруйн ашиг олж байжээ.

 

Эх сурвалж: BBC