Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

PCR шинжилгээ хийх хүчин чадлыг өдөрт 100 мянгад хүргэж, урвалжийн нөөцийг 2-3 сараар бэлтгэхийг үүрэг болгов

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газраас Улаанбаатар хотод Даваа гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал,

  • Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгах,
  • Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах 
  • Дээрх тогтоосон хугацаа дуусмагц хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулахаар болж байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Улсын Онцгой комисст дараах үүрэг чиглэл өгч буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин нягтлах. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын судалгааг гаргаж, чадваржуулах, бэлтгэл сургуулилалт хийн, бэлэн байдлыг хангах

2. PCR шинжилгээний хариуг гаргах хүчин чадлыг нэг өдөрт 100 мянгад хүргэх, лабораторийн нөөц, урвалжийн нөөцийг 2-3 сараар бэлтгэх ажлыг ойрын хугацаанд сайтар зохион байгуулах

3. Улс, нийслэл аймгийн Онцгой комисс, яам, газрууд гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийх. Гаргасан шийдвэр зайлшгүй хэрэгжиж байх учиртай. Дунд, анхан шатанд өөрчлөгддөг, янз бүрийн нугалаа ордог, ойлгомжгүй үйл ажиллагаа зохион байгуулдгаас ард иргэдийг бухимдуулж байна. Үүнийг таслан зогсоох ёстой.

4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр зам, боомтуудад хяналтыг онцгой сайжруулах.

5. Цар тахлын талаар бодит, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх. Мөн иргэдийн хариуцлагыг сануулсан, урьдчилан сэргийлэх тухай мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх

6. Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах шаардлагатай. Ажил ацаглаж болохгүй, ард иргэдэд бухимдал үүсгэж болохгүй, гаргасан шийдвэрүүд хэрэгжих ёстой. Бүгд бухимдалтай байгаа. Хорио цээрийн дэглэм бол хүндрэлтэй зүйл. Олон хүний ажил амьдралтай холбоотой, уур уцаар хүргэсэн, зарим тохиолдолд хүний эрх чөлөөг хязгаарласан шийдвэрүүд хэрэгжиж байгаад ард иргэд бухимдаж байгаа. Дэлхий тэр даяараа бухимдалтай байна. Гэхдээ бид үүнийг давж ёстой.

"Хорио цээрийн дэглэмд ард иргэдийн хариуцлагатай байдал хамгаас чухал байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Ийнхүү үүрэг чиглэл өгсний дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ хандан "Хүн бүр өөрийн дотнын хүмүүс, хөрш зэргэлдээ айл, анд нөхдөдөө, ядарч зүдэрсэн нэгэндээ тусалж байх хэрэгтэй. Үүнийг хамтын хүчээр давж гарна. 

Хүн хоорондын хүнлэг сайхан харилцаанд зай завсар бий болж байна. Нэгэнтэйгээ гар барьж, тэврэлдэхгүй алсаас харьцах нь бие биедээ тусалж байгаа гэсэн ойлголт руу шилжлээ. Хорио цээрийн дэглэмд ард иргэдийн хариуцлагатай байдал хамгаас чухал байна.

Маскаа зүүх, гараа ариутгах, хоорондын зайгаа барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэд нэгэндээ шаардлага тавих нь чухал. Мөн биеийн дархлаагаа сайжруулан, уурлаж уцаарлахгүй байж, тайван амарч, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг уриалж байна.

Дэглэм сулруулсан. Одоо иргэд, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай холбоотой боллоо. Аль болох түргэн хугацаанд цар тахлыг хумьж, амьдралаа хуучин хэвэнд нь шилжүүлэх шаардлагатай байна. Үүний эхлэлийг тавьсан, үр дүн нь гарлаа. Иргэд, аж ахуйн нэгж, төр засгийн хариуцлагатай хамтын ажиллагааны үр дүнд олсон амжилтаа баталгаажуулж чадна. Эс тэгвэл буцаад бүх нийтийн бэлэн байдалд шилжихийг үгүйсгэхгүй" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/2fXmYzEoPl/